Г.Армаа "“Тэнгэр”-ийн учир" Оршил

 Монголын ард түмний дунд үе залгамжлан хадгалагдсаар ирсэн бичиг, хэл соёл, аман яриа, үлгэр домог сэлтэд: “Дээд тэнгэрээс заяат төрөгсөн”, Тэнгэрийн ханхүү, эсвэл Тэнгэрийн дагина, Тэнгэртэй эр, Тэнгэр нь хаячихсан гэх юмуу Эцэг тэнгэр, Эх газар, Мөнх тэнгэр гэх зэрэг хэлц үг, нэр томъёо амь бөхтэй оршсоор байгаа нь бид бүхний язгуур үзэл суртал, шүтлэг мөний сацуу ямар нэгэн үл тайлагдах учир битүүлэг нууцыг өөртөө агуулж байдгийг ойлгож ядаад байх юм байхгүй. Монголоос өөр ямар ч угсаатан, үндэстэнд ТЭНГЭР-тэй холбоотой ийм мэт нарийн нандин уламжлал байхгүй ба харин Монгол угсаатны нөлөөллөөр бусад үндэстний дунд иймэрхүү суртал, шүтлэгийн төрөл “бүдэг бадаг” байдгийг дурдалтай. Тийм ч учраас ТЭНГЭР гээч нь ямар учиртай юм болохыг зөвхөн Монгол хүн л зөв тайлбар өгнө үү гэхээс биш гаднын хэн нэгний амыг “мянга хараад” нэмэргүй юм. Монголчууд язгуур шүтлэгийнхээ учир, мөн чанарыг яв цав мэддэг байжээ гэдэг нь буурал түүхийн будан манан дундаас ч гэрэлтэн харагдсаар байдаг. Гэтэл өнөөгийн бид чинь аль хэдийнэ мартчихаад янз янзын тайлбар өгөөд сууж байгааг яалтай вэ. Үүнийг үлгэрлэвээс Монгол угсаатан олон зууны турш сэх сэтгүй архидчихаад өнөө өглөө л нэг юм эрүүл босоод, “юу болоод өнгөрсөн”-ийг санах гэж зүдэж буй мэт. Болоод өнгөрсөн үйл явдал, Монголчуудын бий болгосон оюун санааны оргил болох БУДДИЗМ, БУМБА-ын, бас БӨӨ /шашин/-гийн танин мэдэхүй, ардын ёс заншлын хүрээнд амь бөхтэй оршсон зан үйлийн арилашгүй ул мөр, бичгээр болон амаар дамжиж ирсэн үнэлж баршгүй мэдээллүүд, археологийн болон соёл урлагийн үнэт өв, үлгэр домог, туульсийн аварга том бүтээл зэргийг харьцуулан бодож, ахин дахин дүгнэлт хийх тусам Монголчуудын үүсэл гарал ба өнө эртний аж байдал, шүтлэг, суртахуун нь саяхны мэт тодрон тодрон харагддаг юм. Мөхөс би энэ талаар олон жилийн нөр их хөдөлмөр /судалгаа/ хийснээ нэг мөр болгон зангидаж “Хүний үүсэл-1 Дэлхий дахин”, “Хүний үүсэл- 2 Монголын ил товчоон” гэх хоёр боть ном болгон энэ оны эхээр хэвлүүлсэн билээ. Уг номонд Монголчуудын язгуур шүлэг, суртахууны талаар иж бүрэн хөндөж, маргалдахуйяа бэрх “үнэн”-ийг оллоо хэмээн омогшиж явсан үе бий. Тиймээс ч Монголын аль ухаантай, оюунлаг гэсэн /өөрийн үнэлэмжээр/ хүмүүст номоо тарааж юу гэхнэв хэмээн хүлээж эхлэв. Мөхөс миний урьдчилан төсөөлж байснаар маргалдах, үгүйсгэх, дайрч давшлах зэрэг хирээс хэтэрсэн шуугиан дэгдэнэ хэмээн хүсэн хүлээж сууснаа нуух юун. Гэвч тийм биш санж. Ойр дотныхон ч тэр, огт танихгүй нь ч тэр, шилэн хоргоны загас мэт таг дуугүй суугаа нь итгэж ядмаар гайхшрал төрүүлж байснаа бүүр сүүлдээ цөхөрч, “үнэнийг хүнд ойлгуулна гэдэг үхлээс ч хэцүү юм байна” гэсэн бат ойлголттой үлдэв. Учир юу хэмээвээс: Өргөн олонд үзэл бодлоо хүргэж чадаагүйнхээ төлөө бухимдаж бүхий тэр цагт, эдгэшгүй хүнд өвчтэй болсноо мэдмэгц, айдас, цочрол төрөхийн оронд харин ч болоос бухимдал маань даамжрах жишээтэй… Цаг хугацаатай өрсөлдсөн энэ эгзэгтэй мөчид бүхнийг тайлбарлан таниулж олон нийтэд ойлгуулна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Гэхдээ тэр олон “санаа”-н дундаас ядаж ТЭНГЭР-ийн тухай ярилцаад үзье гэж шийдэв. Би ямар алдар нэр горилж байгаа биш, алт мөнгөнд шунаж хэвтээ биш, ард олондоо “үнэн”-ийг ойлгуулах л гэж байгаа юм чинь… “Тэнгэр” нь бидний төсөөлдөгөөс өөр Манай нэрт судлаач, “Их гурвалжин” номоороо алдаршсан Ч.Эрдэнэ гуай уг номондоо “Монголчууд түүхээ хайж байгаа” хэмээсэн нь гарцаагүй үнэн бөгөөд, хатуухан хэлэхэд “бид түүхгүй явж ирсэн” хэмээвэл зохино. Бидний “түүх” хэмээн үзсээр ирсэн тэр зүйл бол өрнө, дорнын түүхчдийн мэдээ сэлтийг цуглуулан марксист ч гэх юмуу, ШУ-ны эмпирик дүгнэлт хийх мэт болсон “Овоолго” төдий юм. Түүнчлэн тэр “түүх” хэмээгээд байгаа нь Төв Азийн элгэн дээр болж өнгөрсөн олон угсаатны дээр дороо оролцсон “бужигнаан” төдий юм. Энд мөхөс би, ШУ-ныг ч юмуу, хэн нэгэн “зүтгэлтэн”-ийг муулаад унах гэсэн юм биш. Угаасаа ШУ өнөөдөр дэлхийн нэн эртний түүх болон тэр дундаа “хүний үүсэл”-ийн талаар нэг мөр болсон үзэл баримтлал байхгүй, манан будан дунд хөвж явааг хаацайлаад байх шаардлагагүй юм. Харин мөхөс миний удаа дараа тэмдэглэсэнчлэн ШУ, Буддизм хоёр хар аяндаа нийлэн нэгдэх цаг ирнэ. Энэ хоёр, нэгэн цул болсноор хүн төрөлтний хөгжил дэвшлийн зам саруул, дардан болно гэдэгт итгэнэм. ТЭНГЭР гэхлээр өнөөгийн бидний сэтгэлд “дээр хөхрөгч” л санаанд буудаг. Ямар сайндаа хов хоосон гэдгийг баттай илэрхийлэхийн тул “Огторгуй” /огт оргүй/ хэмээх вэ дээ. Тиймээс “огторгуй” хэмээх үг нь үүслийн шатандаа байгаа гайхам рид чадалтай ХҮН-ий үед бус, бууран доройтож харалган болсон сүүл үед гарсан үг бололтой. Юу ч байхгүй гэсэн үзэл бодол нийтийг хамран амь бөхтэй шүглэж, Монголчуудын язгуур шүтлэг, ариун нандин уламжлалыг хүртэл “доош хийж” эхлэв. ТЭНГЭР нь юу ч биш гэдэг ойлголт нэгэнт “баталгаатай болсон” юм хойно, өөрөөр ярих гэж оролдсон хэн боловч “шал усан тэнэг”, бүүр малаас долоон дор болно биз дээ. Үүний амьд жишээ гэвэл мөхөс миний бие. “Хүний үүсэл” номоо хэвлүүлж тарааж байх үед номын гадна талыг харсан хэн боловч нүд нь очтон гялалзаж эгээтэй л эхэр татан уйлах шахаж, баяр талархлын үгэндээ хахаж цацдаг юм. Гэвч хэд хоногийн дараа дахин тааралдах үед “нөгөө солиот чинь энэ явна, яаж салдаг юм билээ” гэсэн янзтай ихэд төвөгшөөсөн маягтай харахыг нь яана. Хүний нүүр халуун юм чинь улайм цайм “Чи эртхэн Сэтгэцийн эмнэлэг бараадаа хөө” гэж хэлж чаддаггүй биз. Тийм ч учраас хүмүүс миний номын талаар дуугарах зүрх хүрдэггүй бололтой, хамгаас өмнө хүлээн зөвшөөрөөд буруутвал хамтдаа ШАР ХАД ачигдана гэдгээ эрхбиш мэдэлгүй дээ. ТЭНГЭР гэдэг юу ч биш нь гарцаагүй юм бол өнө эртний “Сүмбэр уул”-ын номлол худлаа болно. Бас орчлон ертөнцийн талаар гайхалтай цогц сургаал болж төлөвшсөн Буддизм худлаа болж таарна. Тэнгэр хэмээх Монголчуудын язгуур философи мөн худлаа болж таарна. Гэтэл зөвхөн Буддизм гэхэд л хүрч танин мэдэхэд бэрхтэй ч үнэнийг үгүүлсэн ижилгүй цогц сургаал мөн. Тиймдээ ч олон тэрбум хүний зүрх сэтгэлийг эзэмдээд зогсохгүй, орчин үеийн аль ухаалаг, гэгээлэг хүмүүс хошуураад байгаагийн учир нь тэр. ТЭНГЭР гээч юм байдаг эсэх тухай эргэлзээг нэг тийш болгох гол шалгуур нь бодит ертөнцөөс гадна “нарийн ертөнц” байдаг эсэхтэй шууд холбоотой. “Тийм юм байхгүй” хэмээн маргалдах хүн мэр сэр байж болох ч манай гаригийн нийт хүн төрөлтний аль ухаалаг, оюунлаг хэсэг нь, тэр байтугай ШУ хүлээн зөвшөөрч эхлэв. Харин ШУ-ны тайлбар шашныхаас ялгаатай нь мэдээж. Ж-нь: “шим мандал, оюун мандал, пассионар шинж, хаосаас төгөлдөрших хуйлрал гм /Гумилев, Вернадский, Ч.Эрдэнэ /”. Мөхөс би “нарийн ертөнц”-ийн талаар “Хүний үүсэл” номондоо олон талаас нь чадан ядан өгүүлсэн тул энэ удаа нурших нь илүүц. “Нарийн ертөнц”-ийн тухай хамгийн ялгамжтай, тов тодорхой үгүүлсэн нь Сүмбэр уулын номлол, Буддын сургаал юм. Түүгээр үл барам Буддизмын тулгын чулууны нэг болох Бумба /бөө/-ын шашин хар, цагаан 99 тэнгэрт хуваасан байдаг нь бас л нарийн ялгамжтай ойлгож байжээ гэмээр. Дэлхийн зарим томоохон шашнууд /Христ, Лал/ дэлхийг эзэгнэж байдаг нэг л бурхан байдаг хэмээн номлоно. Гэтэл Буддизм: лус, савдаг, ягчис, шумнас, дагинас, дияаны тэнгэрүүд, дүрстийн болон дүрсгүйн орны тэнгэрүүд, амармагийн орон гм-ээр шинж байдал, үзүүлэх нөлөөллөөр нь тал бүрээс нь олон янзаар ангилсан байдаг нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байхын аргагүй юм. Бодит ертөнцөөс авахуулаад дүрсгүйн орны дээд тэнгэр хүртэл амьдлаг, ухаалаг бүхнийг нийтэд нь хамруулан “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтан” гэх бөгөөд энэ нь Буддизмын язгуур Философи мөн. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтан нь Үйлийн үр /карма/-аар нөхцөлдөж, харилцан дээр дороо орон бужигнах бөгөөд, агуу их Будда, танин мэдэхүйн их өндөрлөгөөс, тэднийг адилхан “хайрлах” тухай сургаалаа цөхрөлтгүй айлдаж байсан нь гүн итгэл, бишрэл төрүүлдэг юм. Энэ бүхнээс үзвэл “тэнгэр” хэмээх нь зүгээр л хөхрөн харагдах агаарын зузаан давхаргыг хэлдэг юм биш аж. Харин дияаны тэнгэрээс аваад түүнээс цааш орших нарийн ертөнцийн ухаалаг хүчин нүгүүдийг хэлж буй хэрэг. Дээр хөхрөгчийг “тэнгэр” хэмээгээд байдаг нь хүчирхэг “тэнгэр нар”-ын орших орон зай агаад, нөгөөтэйгүүр “нөгөө тэнгэр чинь энэ явна, тэр явна хэмээн барин тавин хэлчих баримжаагүйн улмаас ерөнхийд нь “ТЭНГЭР” хэмээсэн болой. ТЭНГЭР-ийг олон талаас нь нарийн ялгамжтай ангилсан байдаг ч жирийн хүмүүний санаа сэтгэлд буухдаа, ахуй амьдралд нөлөөлөхдөө нэгэн “цуллаг” маягаар төсөөлөгддөг нь сонин. Тухайлбал: Монголчууд борооны дусаалыг гараар тосох, исгэрэх, душгирах, элдэв төрлийн туг, хиур хийсгэх, цаг бусаар хувцаслах /өвөл хэт нимгэн юм өмсөх, эсвэл зун үстэй дээл өмсөх гм/ -ийг “тэнгэр задраана” хэмээн цээрлэнэ. Хутга мэсний үзүүр /ир/-ийг дээш харуулахыг эрс цээрлэнэ. Энэ нь ТЭНГЭР-ээ хүндэлж буйгаас гадна түүний хилэнг бадраахаас эмээж буйн илрэл. Гэтэл өнөөдөр “хур буулгах” нэрийдлээр ТЭНГЭР-лүүгээ буудаад унах шив. Хурмаст энэ бусармаг үйлдлийг зүгээр хараад,тэвчээд байж чаддаггүй бололтой. Хэсэг буудуулсны дараа мөндөр ч юмуу цасан шуурга тавьж баахан хүн, мал аваад явчихдаг нь бүүр ном. ТЭНГЭР-ээ өмөөрч ийн хэлсэний төлөө “Хурын шим”-ийнхэн мөхөс манийг баахан зүхнэ л биз одоо яая гэхэв … Монголчууд ТЭНГЭР-тэй их л эервүү зөөлөн харьцдаг ч гэсэн бас заримдаа түүний ааш аягийг зөв залан өөрсдийн эрх ашигт зохируулан ашиглаж чаддаг байжээ. Ямар сайндаа задчин, задач бөө мэтийн нэр томъёо өнөө хүртэл амь бөхтэй оршсоор байхав. Монголчууд агуу их ТЭНГЭР-ийг жолоодож /залж/ чаддагаараа алдаршиж байснаас тэдний нутаглаж буй газрыг “задын газар” гэх болжээ. /Лу. Алтан товч. 199О. 1О х/. Залуу судлаач Ю.Болдбаатар /Задын шүтлэг 2ОО8 24х/ номондоо энэ тухай тун зөв дүгнэлт өгсөн байдгийг магтууштай. Мөхөс миний бие “Хүний үүсэл-2” номондоо умар тийш нүүсэн Дравид /өвөг Монгол/-чуудыг, тэдэнтэй хамт нутаглаж асан Герегүүд, “Гипербореи” хэмээн нэрийдэж байсны учрыг “Салхич бүргэд” хэмээн тайлаад “тэнгэр захирдаг” тухай үгүүлсэн нь дээр дурдсан “задын газар”-тай дуу дуугаа авалцаж байгаа нь нэн гайхалтай. Монголчууд “тэнгэр” гаралтай Монголчууд гарал үүслээ мэдсэн цагт, язгуур суртал, шүтлэгийнхээ учрыг олсон тэр цагт бидний ертөнцийг үзэх үзэл, аж төрөх арга барил, ухамсар, мөрөөдөл орвонгоороо өөрчлөгдөж “цоо шинэ хүн” болох нь маргашгүй. Бид түүхээрээ бахархах дуртай хүмүүс. Тиймдээ ч эзэн Чингисээрээ бахархаж дэлхийд гайхуулдаг. Тэгэхээс ч аргагүй. Гэтэл бид түүнээс ч хамаагүй илүү, гайхамшигтай түүхийг цогцлоосон гэдгээ анзааралгүй явж иржээ. Мөхөс миний олж мэдэж, ойлгож тогтоосноор Монголчууд: 1.Тэнгэрээс тасарсан буюу тэнгэр гаралтай. 2.Тэнгэр гаралтай угсаатны аж төрөх арга барил, зан заншил, соёл, суртахуун, шүтлэг мэт нь бусад угсаатныхаас онхи өөр. Хүний үүсэл, тэр дундаа Монголчуудын гарал үүслийг олох гэж мунгинасаар эцэст нь хүн, Амармагийн /амраг/ тэнгэр нараас үүдэлтэй юм байна гэсэн хэлбэрэлтгүй дүгнэлтэд хүрсэн билээ. Энэ тухай миний номноос дэлгэрүүлэн уншина гэдэгт найдна. Хүний ба Буддизмын үүсэл нэгэн юмны хоёр тал болохыг мөхөс би нотлохыг оролдсон. Гэтэл “ум мани падме хум” хэмээх язгуур маанийн талаар хийгдсэн эрдэмтдийн судалгаа гойд сонирхол татдаг юм. Ч.Эрдэнэ гуай ”Их гурвалжин” номондоо: “…Тийнхүү Ом, Мани Падме Хум. Ом нь дангаараа үүсгэн уусгагч язгуур маани. Хум нь дангаараа сүнсний сүр сүлдийг дуулдаг мөнхүү язгуур маани. Мани нь мантра-гаас монгол хэлэнд сунжирсан /маани/ бус самгарди хэлний Важра /Очир/-тай утга нэг хийгээд төгс гэгээрэл, бурхан дүр, эр бэлгийг бэлгэдсэн үг. Падме нь падма /бадамлянхуа/-гийн өгөх оршихын тийн ялгал агаад нээлттэй дэлгэр ертөнцийн талбиун төлөв, эм бэлгийг бэлгэдсэн үг ажгуу. Тийнхүү Ом-А-Хум буюу дандарын ёсны онц цоглог, хамгаас шидэт маани үүсжүхүй хэмээн нэрт урлаг судлаач проф. Флипп Роусон тодорхойлжээ...” хэмээсэн байдаг. Мөхөс миний үзэж буйгаар Ум буюу Ом нь ч гэсэн үүсгэгч, уусгагч маань биш, харин УМ, УМА, ЮМ, ЮУМ мэтээр тэмдэглэгдсэн Охин тэнгэр нарыг хэлээд байна хэмээн хатуу итгэдэг юм. Үүнээс үүдэн Хум хэмээх үгийг эр хүйсийг заасан Тэнгэр хэмээн таамаглаж болох юм. Хэрэв энэ бүхэн үнэн болбоос “Ум мани падме хум” нь шидэт тарни огт бус, хүний үүслийн үе шатанд, олон болж үржээсэй хэмээн билгэдсэн жирийн нэгэн “ерөөл” гэмээр байна. Хүний үүслийн анхны үе шат эр, эм “тэнгэр” нарын хооронд явагдаж хагас бурхад, сахигч /сахъя буюу шакъя/ тэнгэр, бодит хүмүүн гэсэн дарааллаар явагддаг шиг байгаа юм. Гэтэл үүний хажуугаар маш нарийн үйл явц өрнөдөг нь гайхал төрүүлнэ. Юүв гэхлээр эрэгтэй хүүхэд төрвөл хар багаасаа дияанчлаад явчихдаг ба тэд отго омогтоо хэзээ ч эргэж нийлдэггүй, харин аль болох ТЭНГЭР- тэй нэгдэхийг эрмэлздэг аж. Тийм ч учраас “Дияаны 17 тэнгэр” хэмээсэн ойлголт, нэр томъёо үүсчээ. Харин охидууд нь хоорондоо нэгдэн нийлж аж ахуйгаа төвхнүүлэн “Хатан хаант улс” байгуулна. Ийнхүү саяхан хүртэл ул мөр нь арилаагүй байсан “Охидын улс” энд тэнд бий болж эхэлжээ. Өнөөгийн хүмүүс “тэд чинь эр хүнгүй яаж болдог байнаа” хэмээн гайхаж магадгүй. Энд л асуудлын гол гогцоо оршиж байгаа юм даа. ШУ “эхийн эрхэт ёс” хэмээдэг нь эндүүрэл, үнэнээс хэт хөндий таамаглал төдий зүйл. Буддын сургаалд Хүсэлт тэнгэрийн 6 оронг: Амармагийн 6 аймаг тэнгэр. Са: sad kamadeya 1. Дөрвөн махранзын аймаг тэнгэр нэр. Са: saturmaharajakayika 2. Гучин гурван тэнгэр. Са: trayastrimsa 3. Байлдаанаас хагацсан. Са: yama 4. Төгс баясгалант. СА: tusita 5. Хувилгаанд баясагч. СА:nirmanarataya 6. Бусдын хувилгааныг эрхээр болгогч. Са: paranirmitavasavartina хэмээн ангилсан байдаг. Тэгвэл “Охидын улс”-ын үржиж олширдог арга механизмыг бүдүүнээр тоймолж хэлбэл: Анхны хагас бурхад, хүмүүн нүгүүд нь дээрх Амармагийн 6 аймаг тэнгэр нарын эхний 5 зүйл тэнгэр нараас угшилтай шиг. Харин “Охидын улс”-ын хүүхнүүд нь эр хүнтэй хавьтдаг бус, Амармагийн 6 аймаг тэнгэр нарын зургаа дахь буюу “Бусдын хувилгааныг эрхээр болгогч” тэнгэр нартай харьцдаг хэмээн төсөөлөгдөнө. Тиймдээ ч мөнхүү тэнгэр нарын нэр нь нүүрэн дээрээ байгаа хэрэг. Эм хүн, тэнгэр нарын хоорондоос эрэгтэй, эмэгтэй хүүхэд аль аль нь төрөх боловч эр тал нь мөн л дияанчлаад явчихна. Эм тал нь “Охидын улс”-ын бүл нэмнэ. Эрэгтэй хүмүүсийн тоо хэт олшроод дияанчлах аргагүй болмогц “бэр буулгаж” өрх өсгөж сум сунгахаас аргагүй болно. Заавал бэр буулгадагийн учир нь цус ойртохоос сэргийлэх нандин заншил. /Судар дандарт бичигдэн үлдсэнээс ажвал жирийн хүн байтугай Амармагийн орны тэнгэр нар хоорондоо бэр буулгаж авч, өгөлцдөг ажээ./ Эр, эмээр хослон амьдрахаар заяагаа зангидсан өрх айлууд хэд хэдээрээ нэгдэн “Охидын улс” хэмээх гал голомтоо орхин тал тал тийшээ тархан нүүж одно. Тэгээд дараачийн давлагаан болж дахиад л тархан нүүх жишээтэй. Ар араасаа угсран тархах хүмүүсийг “угсаатан” хэмээж байгаа нь ёстой Монгол үг байх. Гэтэл нөгөө “гал голомт” болсон Охидын улс үндсэн шинж чанараа хадгалсан хэвээрээ л байдаг аж. Өөрөөр хэлбэл Охидын улсын хүүхнүүд нь “Бусдын хувилгааныг эрхээр болгогч” тэнгэр нарын үр хүүхдийг төрүүлсэн хэвээрээ л байдаг. Ийм байдалтай асар олон мянган жилийг өнгөрөөж саяхан /манай эриний эхэн үе хүртэл/ байсан нь Францын эрдэмтэн Пеллио гуай нарын судалгаанаас анзаарагддаг. Хэрэв түм шахам жилийн өмнөөс ари нарын их нүүдэл болоогүйсэн бол, хэрэв олон угсаатны хольцолдоон, дайн тулалдаан газар сайгүй өрнөж үймүүлээгүйсэн бол Охидын улс өнөө хүртэл үндсэн шинжээ хадгалан оршин тогтносоор байх байсан ч юм билүү. Нарийн анзаарвал Охидын улсын үед гарсан онцгой мэргэн хэлц үг өнөөг хүртэл уламжилсаар иржээ. Энэ нь “эцэг тэнгэр, эх газар” гэсэн үг юм. Үүнийг ухаарах юм бол: “Эцэг минь тэнгэрт бий, эх минь газарт бий” гэсэн санаа болохоос бус өөр юм хэлээд байгаа юм бишээ. Тэгэхлээр Охидын улсын жинхэнэ мөн чанар нь, тэдний хүүхнүүдийн чадвар нь ТЭНГЭР-ийн хүү /охин/ төрүүлдэгт байгаа юмаа. Түүнчлэн ТЭНГЭР нар тоохгүй, тэнэсэн мунасан эрчүүд олдохгүй үед, ямар ч хамаагүй аль тааралдсан амьтан лугаа нөхцөж өөрсдийн удам, гайхамшигт шинж чанараа хадгалж чаддаг /Энэ тухай “Хүний үүсэл-1” номоос үзнэ үү/ нь тун нууцлаг, учир битүүлэг явдал мөн. Энэ нь /Охидын улсын хүүхнүүд зөвхөн ТЭНГЭР нарын үр хүүхдийг тээж, төрүүлээд зогсохгүй өөрсдөө “тэнгэрлэг” шинжтэй/ хэмээх дүгнэлт өөд хар аяндаа хөтлөн аваачдаг юм. Тэнгэр эцэгтэй, тэнгэрлэг ээжтэй хүмүүсийг чинь “ТЭНГЭР-ээс тасарсан” гэхээс өөр юү гэх вэ. Монголчууд ийм байдлаар, үүрд Тэнгэрт ивээгдэж ирсэнээ сайн мэддэг, цаашид ивээгдэж явахаа ч мэддэг, үүрд ивээгдэх болтугай хэмээн байнга залбирч явдагаас “МӨНХ ТЭНГЭР” хэмээх хэллэг /шүтлэг/ үүсжихүй. Тиймээс биднийг “мөнх хөх тэнгэр” байнга ивээлдээ авч явах болно … Өнөөгийн Монгол хэлэнд Охидын улс-ын аж төрөх хэв маягаас үлдэж хоцорсон нэгэн сонирхолтой үг хэмээвээс “Эхнэр” юм. Эхнэр гэдэг нь угтаа “Эх нар” гэсэн үг болохыг судлаачид анзаарсан байдаг. Охид, эх нарын эгнээнд орохын тулд тусгай зан үйл гүйцэтгэж байсан нь Монголын олон ястны заншлаас харагддаг билээ. Ж-нь: Баруун Монголд олон салаа гэзэгтэй “Сэвгэр” байснаа үсээ хагалан самнахаар эхнэр, төв Халхад шанхны үсээ үргээж үсээ цавуудан дэрийлгээд эхнэр хэмээгдэх жишээтэй. Үүнийг мөхөс би, хүүхнүүд нас гүйцэж, бие бэлэн болсноо тэнгэр нарт ийнхүү мэдэгдэн дохиолдог байж дээ хэмээн санадаг юм. Дайчин вангийн хүрээний Гачой лам Дамба аграмба бээр 15-р жарны төмөр эм тахиа жил буюу аргын тооллын 1921 онд “Бүтээлийн дээд орон Цогт төгс Шамбалд зорчих замыг тодруулан үйлдэгч эрдэнийн болор гишгүүр” хэмээх гайхамшигт судраа туурвижээ. Уг сударт: …<<Палчэн>>-аас “дөрвөн тивийг хүрээлсэн наян живаа тив буй” гэж нотолжээ. Тэгээд ч Замбутив үлэмж ялгамжаатай бөгөөд <<До Няндай>>-аас арван буянт дөрвөн зүйл бөлгөө. Дээд, дунд, адаг, дээдийн дээд болой. Түүнд адгаар нь муу дуутад төрнө. Дундуур нь үлэмж биетэд, дээдээр нь үхэр эдлэгчид, дээдийн дээдээр нь Замбутивд төрнө” хэмээсэн хийгээд <<Данши>>-аас “Сайн төрөлт Замбутивийг Шид бүтээлийн газар гэж мэд Бус гурван тивд төрвөл Шид үл төрөх буяны орон” гэх зэргээр судар дандарт сайшаасан энэ тивд “Тэнгэрээс тасарсан Энэтхэг ном гарах орон, Магнаг лавир татсан адил их эрдэнийн орон Монгол, Перс, Хотон орон, Морин тэрэгний хэлбэртэй, хамаг хүсэгдэхүүний орон, Асураас тасарсан Монгол тэргүүтэн хэрүүл тэмцэл, баатрын орон, Лусаас тасарсан зурхай ба эрдэнийн гарах орон дэлбээгээ нээсэн цэцэг мэт гайхамшигт орон, сармагчин, хадны мангас элдвээс тасарсан Төвд орон…” /Шамбалд зорчсон нууц тэмдэглэл. Шамбал нийгэмлэг. 2ОО6 33 34х/ хэмээжүхүй. Судалгаанаас үзэхэд “Тэнгэрээс тасарсан Энэтхэг ном гарах орон” өвөг Монголчууд гарцаагүй мөн. /Энэ тухай Хүний үүсэл номоос уншина уу/ Монголчуудын үүсэн бий болсон газрыг мөшгөх юм бол “Шамбал”-ын байршилтай яг давхацдаг билээ. /Ойролцоогоор хойт өргөрөгийн 31-33 градус, дорнод уртрагийн 81-81,5 градус/. Ингэхлээр Монголчуудыг тэнгэрээс тасарсан гэхээс гадна, Шамбалын орны “бүтээл” гэж болно. “Асураас тасарсан Монгол тэргүүтэн” хэмээх нь “Хор Монгол”-ыг хэлж буй юм. Мөхөс миний үзэж буйгаар, Монголчуудын үндсэн гал голомт нь Инд мөрний эхэнд байсан Охидын улс, түүнээс салбарласан угсаатан бол “Сог Монгол”-чууд мөн. Харин “Хор Монгол”- чууд бол Төвдийн умар биеэр оршиж асан Охидын улсаас угшилтай. Хожим нь Хорчууд, Сог лугаа нэгдэн нийлж нэгэн цул болсон юм. /Энэ тухай “Хүний үүсэл” номон дээр дэлгэрэнгүй бичсэн болно./ Монголчуудын гарал үүсэл хоёрдмол шинжтэй байдаг нь үүнтэй холбоотой./ Монголчуудын гарал үүсэл бусад угсаатан, үндэстнээс тэс өөр байдаг шигээ шүтлэг суртахуун, зан заншил, уламжлалт соёл, аж төрөх хэв маяг нь бас л дүйцэхээргүй өөр юм. Тэнгэрээс тасарсан Монголчуудын аж төрөх хэв маяг, суртахууны талаар мөхөс би номондоо чадлынхаа хирээр дэлгэрэнгүй өгүүлсэн ч ганц үгээр базаж үгүүлье гэвэл, мал аж ахуй голлосон нүүдлийн иргэншлээс өөрөөр аж төрөх юм бол бид Тэнгэрлэг байж чадахгүй. Түүнчлэн биднийг, Тэнгэр гаралтай хүмүүний үр захирч байж төр шиг төр, улс шиг улс байнуу гэхээс биш өөрөөр байж бас таарахгүй юм. Сорхогтан хатнаас бидний үе хүртэл цээжлэгдэж ирсэн, ямарч сохор, дүлий хүн тоохгүй байж үл чадах “Чингисийн алтан аялгууны нууц”–ын үндсэн санаа мөхөс миний хэлсэнтэй утга дүйдэг юм. Монголчууд аа, өөрсдийгөө Тэнгэр гаралтай гэдэгт бүү эргэлз. Бид нойрноосоо сэрэх цаг болсон.

Comments

Popular posts from this blog

Г.Армаа "Тэнгис далайг гаталж ирсэн бөрт чоно"

Г.Армаа “Ухаант хүн”-ий төрөл зүйл, тэдний нэгдмэл шинж чанар ба ондоошил

Г.Армаа “Хүний үүсэл” номын тайлбар эрдэнийн чимэг оршив