Дэлхийн түүхийн хамгийн учир битүүлэг юмны нэг нь “Америкийн индианчууд хаанаас гаралтай вэ” гэдэг юм. Үүний ээдрээ зангилааг тайлж гэмээ нь харилцан хамааралтай үй олон асуултад зөв хариулт өгч чадах нь сэжиггүй. Дэлхийн олон эрдэмтэд үүнд хариу олох гэж мачийж ирсэн ба одоо ч шамдсаар л. Харамсалтай нь тэд ШУ–ны ертөнцөд хаа сайгүй тархсан, “аливаа юмыг өдгөөчлөх” архаг хуучид идэгдсэн учир, аль болох хялбархан шийдчихэж болмоор сэжмийг шүүрч аваад л “Монголчууд Америкт очсон” хэмээн хашгиралдаад унав. “Худал үгийг мянга давтваас үнэн болдог” гэгчээр энэ үг явсаар “сармагчингаас хүн үүсдэг” шиг ШУ–ны онол, баримтлал болоод явчлаа. Юуных нь тийм юм байх вэ дээ. Монголчууд Америкт очсон эсэх талаар, амьдрах хэв маяг, зан заншил, суртал мэтийг нэвт мэдэхийн хувьд Монгол хүн л зөв харьцуулалт хийж, зөн совингоороо мэдэрч, дүгнэлт өгч чадна. Харин гадаадынхан “өө тийм үү” гэхээс цаашгүй ш дээ. Гэтэл манай эрдэмтэд, тэр дундаа мөхөс миний бишрэн хүндэтгэж явдаг хүмүүс хүртэл нөгөө “ШУ–ны онол” гээчийг даган баясалцаж өвөг дээдсээ Америк руу “цөлөх” ажилд идэвхтэй оролцож эхлэв. Үлгэрлэвээс “Уяхан Замбуутивийн нар”–ыг гадныхан “хоор”–оор дуулж, манайхан гитараар даган хөгжимдөх мэтээ. “Тэснэ тэснэ … “ гэгчээр, үзэг цаас шүүрч, ганцаараан гэдгээ мэдэхгүй “Гималайн нуруу” шиг худлын эсрэг гарцаагүй үнэнийг үгүүлэхээр шийдэв. Ямар ч байсан тэдний “үлгэр”–ийг эхэлж чагнаад, дараа нь… “Эртээ урьдын цагт Монголчуудын дээд өвөг ямар нэгэн юм хайж дорно зүгрүү явган аялж гэнээ”, үлгэр ийнхүү эхэлнэ. Хайж яваа юм нь хавьд олдох шинжгүй ч, тэд шөрмөс тэнийх холын аянд “амтшиж” гүйцээд, авгай хүүхэд, хөгшин хөвөө бүгдийг нь чирэн цааш яваад л байж, яваад л байж. Гэтэл хязгааргүй мэт үргэлжлэх цас мөсөн далай таарч. Элчилгүй энэ орон зайг л туулж байвал… гэсээр, идэж уухаа ч мартан, замын ёлцон болж үрэгдсэн заримыгаа ч эс тоон яваад л байж. Нэг мэдэхнээ л таньж мэдэхгүй эх газарт хүрчихсэн тууж явав гэнэ. Тэр цас мөсөн саадыг “Берингийн тэнгис” гэх болсон нь их л хожмын явдал гэнэ. Шинэ очсон газарт нөгөө хайсан юм нь байхгүй байжээ. Тэхлээр нь умар зүгийг барин яваад л байж яваад л байж. Тэгж явсаар юү юүлгүй туйл руу дөхөөд ирэхийн алдад хайсан юмаа арайхийн нэг юм олж гэнээ. Тэнд дэн их хүйтэн байгаа нь гоёос гадна олон мянган жилийн дараа хөлөг онгоцны зогсоол ч юмуу боомт хот байгуулахад илүү тохиромжтой, далай руу түрж орсон хошуу байлаа. Өнөөдрийн хоол унд, хувцас хунар, аятай таатай нөхцөл гэхээсээ, ирээдүйгээ л гэдэг бидний өвөг дээдэс мөн ч алсын хараатай улс юмдаг уу даа. Амь дүйж байж олсон энэ газартаа нэр өгөхийн тулд удаан маргалдсаны эцэст “Долоовор хуруу” гэхээр болж сая нэг сэтгэл амрав. Монголчууд хайж олсон газартаа сүрхий идээшиж, нилээд боловсронгуй, мундаг том хот байгуулаатхав. Ямартаа л тэр чухал газрыг эрсээр хайсаар олсон байхав. “Долоовор хуруу”–ны хавьд халуун орны заан сүрэглэн амьдардаг ид шидтэй нутаг байв. Монголчууд гэрийн тавилга суулга, гоёл чимэглэлийн зүйлээ зааны ясаар урлаж гарав. Ийнхүү тэд аз жаргалантай сайхан амьдарч байснаа нэг л өдөр төрөлх хотоо орхин явах хэрэг гарчээ. Учир нь тэд даарч, өлсөж, зовж зүдэрсэндээ бус харин өмнө зүгийн “хүн үгүй” бүх газар орныг эзлэе, өнөөгийн Төв Америкт очиж хэд хэдэн сац суварга босгоё, бичиг үсэг, тоолол, одон зурхай зохиоё, өмнөд Америкт очиж учир битүүлэг сонин байгууламжууд хийж ирээдүйн хүмүүсийн тархийг гашилгая хэмээж дээ. Мөн нийт Америк даяар Европын ард түмнүүдийн хэл яриа, бичиг соёл, зан заншил, бүтээн байгуулалтын ул мөрийг суулгая. Тэгвэл ирээдүйн хүмүүс учир жанцанг нь олох гэж уралдан тэмцэлдэж, уралцан маргалдаж “сэгээ хуваалцах” болно гэсийм гэнэ лээ. Үлгэр ингэж амар сайхандаа жаргав. Орчлонгийн хүрд эргэх явцад, хар аяндаа хүмүүний үзэл бодлоор бичигдсэн “түүх”–ийг нэмж чимэлгүй, чин үнэнээр нь үгүүлэхэд л хар аяндаа ийм “шидэт үлгэр” болоод явчихаж байгаа юм.
Асуултын араас асуулт 20–р зууны дунд үе хүртэл Америк, хуучин ЗХУ, Франц зэрэг орны эрдэмтэд, Америк тивийн уугуул оршин суугчдыг түм гаруй жилийн өмнө Азиас, тэр дундаа төв Азиас нүүж очсон юм байна гэдэг дээр санал нэгдээд байв. Олон жилийн судалгааны тойм, Ази, Америкт хийсэн шинжилгээний ажлын дүн ингэж үзэхэд хүргэсэн юм байх. Индианчууд ерөнхийдөө Монголжуу төрхтэй, Монгол, Индиан үгс, зан заншилд адилтгаж болохоор юм олон байснаас бидний өвөг дээдсийг, тийшээ ер яваагүй атал Америк руу “нүүлгэж” амжив. Хэзээ ч болоогүй энэ “нүүдэл” яв явсаар ШУ–ны онол, үзэл баримтлал гэгдэж, бүүр дэлхий нийтийн “шүтлэг” болжухуй. Тэгсэн мөртөө Европын олон угсаатны хэл, бичиг соёл, хийж бүтээсэн зүйлийн дурсгал, ул мөр Америк даяар хаа яагүй байхад, Индианчуудын дунд Европорхуу төрхтний хэв шинжийг хадгалсан хүмүүс газар сайгүй байхад, ганц “ган” хийгээгүйгээр үл барам одоо хүртэл таг дарсаар. Тиймээ, энэ баримт ШУ–ны “онол”–д ноцтой гай удаж мэдэх учраас хэн нэгэн сөхөөд гаргаад иртэл “хэлгүй, дүлий, сохор” байж, хэн нэгэн этгээд энэ талаар олон юм яриад унавал ШУ–ны сүрээр далайлган “нам дараад авна” гэж тооцсон ч байж болох. ШУ–ны аливаа “төөрөгдөл” иймэрхүү маягаар даамжирдаг аж. 194О-өөд оны үед Аляскийн их сургуулийн профессор Рейн, Копенгагений (Дани) музейн ажилтан Хэлдж Ларсен нар Эскимосын соёлыг хамтран судлахаар Аляскийн хойд талаар эрэл хийж яваад умарт өргөргийн 66 дугаар зэргэд орчмын Пойнт Хоп (нөгөө “Долоовор хуруу”)–оос нэгэн гайхамшигт нээлт хийжээ. Тэндээс хулширсан эвдэрхий балгас олноор олдсоныг шинжилвээс 2-3 түмэн жилийн настай болох нь тогтоогдож эрдэмтдийг гайхашруулав. Эргийн усанд идэгдэж зарим нь далайд үйсэн бололтой байгаа нь анхандаа хэр том хот байсныг хэлэхэд бэрх. Америкт, “түм гаруй жилийн өмнө Монголчууд яваад очжээ” гээд байсан хүмүүс энэ олдворын дараа “өө, бидний таамаглал худлаа юм байна ш дээ” гэж хэн нь ч хэлсэнгүй. Гүнзгий зөрчил байгааг эс мэдэгчийн царай гарган, зориуд мэдэн будилж “Нөхөөд, нөгөө Монголчууд чинь түм гаруй жилийн өмнө биш, хоёр түм гаруй жилийн өмнө ирсэн юм байна, худлаа гэвэл үүнийг харцгаа” хэмээн Пойнт Хопоос олдсон баахан зааны ясан эдлэл үзүүлээд хэнэг ч үгүй зогсох. Энэ “үлгэр”–т хүмүүс “маажуулдаг мал” аятай зүгээр л итгэсэнийг яахав. Монголчууд ийнхүү сөөм хариу хийж чадалгүй муухай гөрдүүлэв. За яахав, хоёр ч бай, гурван ч бай түмэн жилийн өмнө бидний өвөг дээдэс нээрэнхээсээ Пойнт Хопод яваад очсийм гэе. Тэгвэл: 1. Тэднийг морио унаж модоо тохоод, бодоо хөллөөд ч юмуу нуруу ачаад, сувай сувархайгаа богтойгоо хамт тууж Америкт очсон гэвэл малаа мэддэг Монгол хүн л лав үнэмшихгүй. “Тэнгэр” гаралтай Монголчуудад, өөрсдийгөө гэхээс хэдэн малаа л гэж өвсний соргог, усны тунгалагийг даган нүүдэллэх уламжлал байсан болохоос, аль болох хүйтэн нутгийг шилж цас мөс дагасаар хамаг малаа хиаруулаад авах “заншил” байгаагүй. Тэгээд ч Америк даяар Монгол малын үс ч байхгүйтэй адил нүүдлийн соёл иргэншлийн улбаа түй ч үгүй байгааг юу гэхэв. Дэн их хүйтэн газар очоод хамаг малаа үхүүлээд, үлдсэн хэсгийг нь өлсөхийн эрхэнд төхөөрөөд жамирчихсан гэж бодъё. Тэгвэл хожим нь өмнө зүгийн дулаан оронд ирэхдээ амьдралын хэвшил нь мал аж ахуй л байх байсан. Тэд ямар ч хээрийн гөрөөсийг гаршуулж чадна. Тэгээд ч Пойнт Хопоос Монгол малын яс олдоогүй. Харин Аляск хавиас 3 түмэн жилийн настай адуу, сарлаг, тэмээний яс олдсон нь Монголчуудтай холбоотой баймаар санагдавч эдгээр малын адуунаас бусад нь эдэлгээнд орох болоогүй гэх цаг хугацааны зөрчлөөр үгүйсгэгддэг. Адуу эдэлгээнд орсон байж болох ч “тийм” гэмээр ул мөр олдоогүй. Эдгээр малын яс олдсон нь огт өөр учир шалтгаантай гэж үздэгээ хойно үгүүлнэ. Тэгэхлээр одоо явган явж очсон гэх хардлага үлдэх шив. Монголчууд 4 түм орчим жилийн өмнө Энэтхэгт үүссэн. Үүссэн даруйдаа мал аж ахуй эрхлэх болсон. Тэгээд малын буянаар тал бүртээ тархан нүүдэллэх болсон, эртхэндээ (2,5 түмэн жилийн өмнө) хамгийн хол нь Байгал далайн баруун эрэг хүрсэн. Цааш ер яваагүй. Энэ бүхнийг би дагнан судалж ном бичсэний хувьд баталгаатай хэлж чадна. Ухаалаг маргалдах “зоригтон” гараад ирвэл сайн л биз, хүрээд ир. Одоо хамгийн сүүлчийн хувилбар, Монголчууд эртээ урдын цагт Америк тийш ерөөсөө яваагүй. Юу үнэн, энэ л үнэн дээ. 2. Пойнт Хопод очсон “Монгол” хүмүүсийн амьдрах хэв маяг “жинхэнэ Монгол”–оос тэс өөр аж. Төв Азийн Монголчууд тун саяхан болтол боловсронгуй нь аргагүй “хот” байгуулаатах нь бүү хэл олигтойхон амбаар барьдаггүй байсан. Тэд чадахгүйдээ биш, нүүдлийн хэв маяг тийм байхад хүргэсэн. Уг нь агуу Мохенжо–даро, Хараппа, Месопотамын соёлыг цогцлоосон угсаатан Пойнт Хопод хот байгуулсан байхад нэг их гайхаад байх юм байхгүй л дээ. Гэвч Тундрийн оронд хот байгуулсан дээр үү, өмнө зүг рүү дулаан газар бараадсан дээр үү гэдгийг ямар ч “тэнэг” байсан бодолхийлж сонголт хиймээрсэн дээ. Хамгийн гайхалтай, байж боломгүй юм гэвэл зааны ясаар эдлэл, хэрэглэл хийж байсан нь. Тэр үед Пойнт Хопод байтугай Төв Азид заан байгаагүй нь ноттой. Ядаж нэлээн хожуу үедсэн бол далайн тээвэр хөгжүүлж Африкаас ч юмуу Энэтхэгээс “зааны яс ачаад ирж” гэхсэн. Гэтэл зааны ясыг ус цас мэт хэрэглэсэн байдаг, Майяа бичгийн систем тэр чигтээ “заан” байдаг… 3. Уур амьсгалын түүхийг огт мэдэхгүйдээ гэмшнэм. 2-3 түмэн жилийн өмнө Тундрт хүн нүүгээд очихоор аятай таатай байсан эсэх нь бүрхэг. Ямар ч байсан Сибирийн “Сартан”, Америкийн “Висконс”–ийн мөстөлт 2 түмэн жилийн өмнө эхлэсэн гэж бичсэн нь бий. Тэгвэл энэ мөстлөгийн өмнөхөн очоод хот байгуулаатхаж гэж болох. Гэтэл зарим номонд 7 түмэн жилийн өмнө аймшигт мөстөлт болсон ч гэж бичсэн. Ядаж түмэн жилийн өмнө байсан бол бас яахав гэхсэн, харин 2-3 түмэн жилийн өмнөх уур амьсгал өнөөг бодохноо Тундр лүү хэн ч нүүгээд очиж болохооргүй тийм хатуу ширүүн байсан хэмээн өөртөө ашигтайгаар гөрдөхөөс. Тиймээ, үнэндээ Эскимосыг эс тооцвол Тундр лүү хэн ч нүүж очоогүй юм. Эскимос ч түмэн жилээс өмнө очсон гэж бодохгүй байна. 4. Индианчуудтай холбоотой материал уншиж байхад нэгэн (төрлийн) мэдээ онцгой анхаарал татдаг. Америк тивийн хаа л бол хаа Европынхны ул мөр гүн шингэсэн байдгийг зүгээр “чихнийхээ хажуугаар өнгөрөөж”, мэдээгүй царайлан дөмбийж суух эрх бидний хэн мааньд ч байх ёсгүй. Эртний Этрүүс (Апенниний хойг дээр амьдарч байгаад Ромд уусаж үгүй болсон)–ийн хэл, шашин, бичиг, эд өлгийн зүйл Индианы Акаваус овгийнхтой адилтгаж болохоор аж. Энэтхэгийн санскрит хэл, Кечуа овгийн хэлтэй төрөл нэг гэмээр. Норманд (эртний умарт Герман)-чуудын хэл, заншил Ирокез овгийнхтой тохирдог. Кельт (бид “Галлчууд” гэдгээр нь сайн мэднэ) хэлний үндэс Алгонкин овогт байгаа мэт. Финик (авиан бичиг анх зохиосон)–ийн хадны бичээс, хотын туурь өмнөд Америкаас олдсон. Өвөг Болгар бичиг Америкийн хаа сайгүй л хад чулуун дээр дурайж байх. Америкийн энд тэндээс хүдэр хайлж, металл боловсруулж байсны ул мөр (Индианчууд металл хайлахаар хөгжлийн төвшинд хүрч чадаагүй байсан) олддог байна. Герег (Герман)–ийн хэлний зарим үг Ацтек овгийн хэлэнд байдаг бол хэл, соёлын нь арилшгүй ул мөр Хавайн аралд хадгалагдан үлдсэн байх юм. Шотланд, Ирландын дугуй цайз Номхон далайн Панапе арал дээр байдаг аж. Норвегийн алдарт эрдэмтэн Тор Хейердал гуайн бичсэн “Кон Тики салаар” ном нь Европ төрхтний ул мөрийг “шиншилсэн” үнэлж баршгүй эрдэнэ. Зөвхөн Монголыг л гэж онцлоод байгаа болохоос бидэнтэй заншил нэгтэй Түрэг нарын амьдралын хэв маяг, удам судар нь хүртэл Амазонкоос Ацтек хүртэлх өргөн их нутгийн Индианчуудтай холиод базчихсан мэт адилхан байдаг аа. Ер нь Индианчууд дан ганц Монголжуу төрхтэй байдаг гэвэл худлаа, хаа сайгүй Европ шинжийг хадгалсан завсрын төрхтнүүд төлөвшсөн байдгийг хэн үгүйсгэх юм бэ. Цаг, цаас хэмнэж ишлэлийг товчлон үгүүллээ. Шаардлагатай бол мөхөс миний “Хүний үүсэл” номоос дэлгэрүүлж уншина уу. Зөвхөн миний уншсан адилтгалууд ийм байгаа юм чинь, цаана нь хэчнээн, юу ч байгаа юм билээ. Гэвч энэ хэдхэн баримт, “яагаад ийм байгаа юм бэ” гэсэн ноцтой асуултыг араасаа дагуулж чадна. Дээр дурдсан угсаатнууд яахлаараа ийм ул мөр үлдээв. Цөм л Америкт яваад очицгоосон юм уу. Ганц нэг угсаатныг “очсон” гэх мэр сэр яриа чих дэлсэвч тэгсгээд намжина. Монголчууд энэ олон угсаатны бичиг, хэл, соёлыг аваад очно л гэж лав байхгүй. Үүний цаана асар том учир шалтгаан нуугдаж байх шигээ.
Тайллууд Өөхөнд хучаатай бөөр мэт манай энэ цэнхэр гаригийн хаа нэгтэй болоод өнгөрсөн томоохон үйл явдал зөвхөн тухайн бүс нутгаар хязгаарлагдаад зогсохгүй, үр дагавар нь бүх дэлхийн шинжтэй байсан, одоо ч, цаашдаа ч тийм л байна. Бид чинь үүр нэгтэй “шоргоолж”. Монгол угсаатныг “хүчээр аваачиж” Индиан болгох гэсэн чинь зөрчил үүсээд байдаг, Америкт Европын олон угсаатны ул мөр гүн шингэсэн байдаг, Пойнт Хоп хэмээх Тундрт хэзээ ч баймгүй хот сүндэрлэсэн байдаг, Евразийн олон угсаатны ул мөр Америкт шингэсэн шиг Америкийн Индианчуудын ул мөр Евразид бас байдаг. Энэ бүхнээс харахад Индианы гарал үүслийг ярья гэвэл ганц Монгол биш, “дэлхийн” хэмжээний үйл явдлыг хөндөхөөс өөр аргагүйд хүрнэ. Нэгэнт ийм дээрээ тулсан юм чинь “дэлхийн” хэмжээгээр сэтгэж, түүхэн үйл явдлыг харилцан шүтэлцээтэй авч үзэхээс өөр ямар ч арга байхгүй. Зөрчилтэй олон асуудлууд, эх сурвалжийн мэдээ, түүхийн харьцуулалтаар “амь орж” өөрийн эрхгүй томоохон үйл явдал руу хөтлөн аваачдаг. Энэ нь 1,6 түмэн жилийн өмнөх Атлантида тивийн мөхөлтэй хамаатай “их үер” буюу “их сүйрэл” юм. Их сүйрлийн тухай өч төчнөөн баримт байхаас гадна дэлхийн улс орны ард түмнүүдийн санаа сэтгэлээс одоо ч хүртэл гаралгүй домог болгон ам дамжин ярилцсаар. Хэдийгээр ШУ “тиймээ” гэдэггүй ч, дэлхийн олон нийт “тийм” хэмээн баттай ойлгосон юм гэвэл: Атлантын далайд байсан “Атлантида”, Номхон далайд байсан “Му” гэсэн хоёр тив энэ сүйрлээс болж устаж үгүй болсон явдал. Домгийн гэх хоёр том тив бодитой оршиж байснаар “их сүйрэл”–ийн өмнөх дэлхий дахины байдал (хүн ам, газар нутаг) өнөөгийнхтэй харьцуулшгүй өөр байжээ. Тийм ч учраас дээрх хоёр тивийн хүн ам, газар нутгийн “үлдэгдэл” бидний “толгойг эргүүлж зовоогоод байна” гэдэг нь түүхийн харьцуулалт, хожмын үйл явдлаар хөдөлбөргүй нотлогддог. “Нотолгоо” гэнгүүт ШУ хэмээх “бурхан” шүтэгсэд “ШУ–ны баталгаагүй зүйл ярилаа” хэмээнэ, зарим нь тоомжиргүй царайлна, зарим нь “толгой авах” нь холгүй, “мэдэмхийрэгч”, “сэцэрхэгч” энээ тэрээ, ер нь юу ч гэхээс сийхгүй эсэн бусын юм ярина. Үүнийг өөрийн туршлагаас мэдэхийн хувьд баталгаатай хэлж байна. Мөхөс би шинэ нээлт гарган ШУ–ны байгууллагаас “гэрчилгээ” авах гээгүй шүү, ердөө л түүхийг яг үнэнээр нь үгүүлэх гэсийм гэдгийг “эрхэм шүтлэгтнүүд” ойлговол зохино. “Эмпирик” үзэлтнүүд, үгүйсгэдэг үгүйсгэдэг гэхэд арай ч баримт болон харьцуулалтаар нотлогдсон “үнэн”–ийг үгүйсгэх дээрээ тулахгүй бизээ. Одоо, уншигчдад ойлгомжтой болгох үүднээс “Хүний үүсэл” номын санаагаар дээрх хоёр тивийн тухай маш товчхон үгүүлье. Баримтын нуршсан “ишлэл” энд хэрэггүй нь мэдээж. 1. Атлантида тив. Сөнөсөн энэ тив Атлантын далайд, умарт өргөргийн 10-50, өрнөд уртрагийн 20-50 градус орчмын солбицолд дагалдах олон арлын хамт оршиж байсан бололтой. Европ төрхтнүүд зөвхөн энэ тив дээр л бий болсон. Атлантууд мал аж ахуй, газар тариалан, ан гөрөө эрхлэж, Хас (тэмдэг) дээр суурилсан бичиг үсэг зохиож, төмөрлөг боловсруулж, хот байгуулж, олон талт, боловсрснгуй нийгмийн амьдралыг цогцлоосон, Хас угшилтай шүтлэг бүхий, ер нь цаг үетэй нь харьцуулахад нилээд хөгжингүй талдаа тийм хүмүүс байлаа. Тэд гачигдах юмгүй, амар амгалан аж төрж байтал сансраас манай дэлхий рүү аюул сүйрэл дагуулах тэнгэрийн эрхэс ойртоод байгааг ажиглаатахжээ. 1,6 түмэн жилийн өмнө ирж дэлхийтэй мөргөлдөн гамшиг тарьсан тэр эрхэс бол өнөөгийн “Сар”. Сар дэлхий дээр унана, унах унахдаа яг толгой дээр нь унах нь гэдгийг хөгжингүй Атлантууд мэдэхийн цаагуур мэдсэн бололтой. Тийм ч учраас Атлантидагийн баруун талын хүмүүс Америк өөд, зүүн талынх нь Африкруу чадан ядан дүрвэсэн мэт. Зүүн Атлантынхан амь гарч амжилгүй “хумпад” болсон бизээ. Харин баруун талын чамгүй олон хүмүүс амь гарч Америкт шивээлэв. Дээр үгүүлсэн Европын олон угсаатны ул мөр ингэж бий болсон юмаа. Ари төрхтнүүд төдөлгүй Азийг чиглэн “нүүх”–д хүрсэн нь олон талтай байж болох а/. Хаа ч явсан байлдах, алах хядахын дон шүглэсэн, догшин ширүүн зантай Индианчуудаас залхаж гүйцсэн. б/. Том анд амтшиж, түүнтэй хөөцөлдөх нь нэг мэдэхнээ л алсын алсад явахад хүргэдэг ба нэг ёсны санаанд оромгүй “нүүдэл” юм. Ар гэр, авгай хүүхэд нэгэн цул болж явдаг юм чинь арга ч байж үү дээ. в/. Дэлхийн газар зүйн байрлал өнөөгийнхөөс тэс өөр байсан, ер нь Америк, Азийн хооронд “гүүр” гэмээр эх газар байсан гэх үндэстэй. Ямар ч байсан өнөөгийн Европын хүн амын өвөг дээдэс жинхэнэ “их нүүдэл”–ийг Америкаас Азийг чиглэсэн байдалтайгаар хийсэн нь сэжиггүй. Их нүүдлээр Ари хүмүүсээс гадна Индианууд, хар арьстай хүмүүс дагалдаж ирсэн баримт бий. Ари төрхтнүүд зөвхөн Америкаар зогсохгүй “бид үүгээр явсан” гэх шиг Номхон далайн арлуудаар ч тэр, Азийн эх газарт ч тэр хангалттай ул мөрөө үлдээсэн. Гэтэл Америк “явсан” Монголчуудад тийм юм байхгүй, зөвхөн Ари, Индиануудын нааш явсан мөрийг хамаатуулах төдий. Болоогүй юмыг болгох гээд байгаагийн “зовлон” энэ дээ. Эрдэмтэд, Европынхны өвөг дээдэс Атлантидаас гарч Америкт хэсэг байсан, тэгснээ Ази руу “их нүүдэл”–ээр явцгаасан гэдгийг төсөөлөөгүйн улмаас төөрөгдөл үүсчээ. Евразийн хэмжээнд үндэстэн угсаатны хөл толгойгүй хольцолдоон болсон шиг, болоод өнгөрсөн үйл явдал, угсаатны түүхийг шинж байдлаар нь тогтоох мэтэд бас л хөл толгойгүй “төөрөлдөөн” бий болжухуй. Түүний нэг томоохон жишээ гэвэл Монголчуудыг Америкт “очтол” нь эндүүрсэн явдал. Индиан овгийнхны дунд Монголтой төстэй үг, зан заншил, шүтлэгийн элементүүд яваад байгаа нь Түрэг нараар “зөөгдөж” ирсэн нь гарцаагүй. Түрэг, Монгол хоёр наад зах нь 4 мянган жил холилдож ирсэн бол, Түрэгүүд бас л маш өргөн уудам нутагт, чамгүй удаан Индиануудтай “нүдэлдэж” ирсэн мэт ээ. Ийм болохоор гурван угсаатны хооронд хэн нь хэнээсээ авсан бэ гэдэг нь үл мэдэгдэх хэл, заншил, шүтлэгийн ижилсэл бий болж будлиулаад байгаа хэрэг. Евразийн хэмжээнд тархмал шинжтэй байсан “Амазоны охид” Их нүүдлийн хоморгонд орж (Түрэг нарыг дагаж) хаа байсан өмнөд Америкаас нүүсэн бололтой. Тэдний нэр нь Амазонк мөрөнтэй гарал нэгтэй бизээ. Амазоны охидын нэгэн гайхалтай онцлог гэвэл тэд чонотой нөхцөж, эр сүвтэн төрвөл эцгээ (чоно мэт), эм нь үзэсгэлэнт охин болж эхийгээ дууриадаг удамшлын сонин тогтолцоотой (үүний учрыг “Хүний үүсэл” номоос уншина уу) хүмүүс байв. Удамшлын энэ гажилт Түрэг нарт “халдварлаж” олон зуун жил болж байж хэвийн байдалдаа орж чадсан. Өмнөд Америкт “Чоно” овог байдгийн учир, Түрэгүүд өөрсдийгөө “чононоос гаралтай” гэдэг нь цөм Амазоны охидтой холбоотой. Тойруу замаар энэ нь Монголчуудад бас л халдварлаж өвөг дээдэс маань, тэнгис далайг гаталж ирсэн “Бөрт чоно”–оос үүсэнгээ алдах жишээтэй. Индианы олон овог аймгууд (ядаж тэдний нэртэй бүлэглэл) Түрэг, Хиргис нарыг дагалдан ирж улмаар Монгол лугаа нэгдсэн мэт байдгаа. Нарийн яривал Хиргис нар тэр чигтээ Индианууд ч байсан байж болох. Энэ бүхнээс харахад Индиан хэл, ёс заншлыг зөвхөн Түрэгүүд тээгээд ирсэн бус өөрсдөөс нь бас шууд авах боломжтой байжээ гэсэн үг. Ийнхүү “Монголчууд Америкт очжээ” гэх төөрөгдөл гүнзгийрээд ирж байгаа юм… Индиануудын дунд “цагаан бурхад ирж бидэнд амьдрах арга ухаан заасан” гэх домог хэлэлцдэг нь дүрвэсэн Атлантуудыг ярьсан болохоос өөр юм бус. Хөгжингүй Майяа нарын бичиг, тооллын систем, одон орныг судлах байгууламж зэргийг нутгийнхан “гаднаас өөр хүмүүс ирж хийсэн” хэмээдэг нь бас л Атлант лугаа холбоотой байж магадгүй. Испаничууд очихдоо эрдэмтэй болгоныг нь “түүгээд буудчихаж л дээ” гэмээр атал, тэднийг очиход хамаг нандин байгууламжууд нь хоосон, аль хэдийнэ эзэд нь орхиод явчихсан мэт байдаг шүү дээ. Ер нь “Майяа”–гийн хэмээх агуу их соёлыг бүтээгч жинхэнэ эзэд нь хэн байв. Майяа нар уу, Атлантууд уу, эсвэл “Хэт ухаантай аварга хүмүүс” үү гэдгийг хэлэхэд төвөгтэй. Үүнд ирээдүйн судлаачид зөв хариу өгнө гэдэгт итгэж суухаас. 2. Му тив. “Их сүйрэл”–ийн өмнөх энэ тивийн газар нутаг, хүн амын байдлыг үнэн зөвөөр нь тоймлоод хэлчих материал өнөөдөр хаанаас ч олдохгүй. Энэтхэгийн “эзотерик” номлолд МУ тивтэй холбогдох гайхалтай мэдээлэл бий тухай сураг ажиг байдаг ч, мөхөс миний хувьд түүнд хүрнэ гэдэг чармаа нүцгэн “Гималайд” авирахаас дор оо. Харин бүтэн үлдсэн газар нутгийн хэлтэрхий, амь гарсан хүмүүсийнх нь үр хойчийн гадаад төрх, зан заншил, амьдрах хэв маяг, эрдэмтдийн судалгааны байдал мэтээс, өнгөрсөн түүхэн үйл явдлыг ургуулан бодож, хожмын үйл явдалтай таацуулан нийцүүлэх замаар, нарийн биш юмаа гэхэд тоймолж болмоор. Миний энэ “арга” нь “май энэ” гээд үзүүлчих юмгүйдээ ШУ–нд “харш” хэдий ч төөрч будилсан олон юмны “зангилаа”–г тайлж, цаашдын судалгааны суурийг тавьж чадсан гэдэгт эргэлзэхгүй байна. Их сүйрлээр Му тив зад үсрэн салж, живдэг нь живж хөвдөг нь хөвжээ. Мэдэгдэж байгаагаар салж хөвсөн эх газраас хойд, өмнөд Америкт тус тус хэсэг эх газар очиж “наалдсан” бололтой. Пойнт Хопын хулширсан хот бол тэр салж хөвсөн эх газартай хамт “нүүж” очсон болохоос, Тундрт очиж хот байгуулдаг хэн байхав дээ. Аляск тэр чигтээ, Баруун эргийн нутаг бүхэлдээ, Калифорны хушуу хүртэлх зурвас нутаг, өнөөгийн Японоос Филиппин хүртэл зайд байсан мэт. Мөртөө ч үгүй зарим хэсгээр Азийн эх газартай залгаа байсан бололтой. Америкт байхгүй минж, тарвага байгаа нь, адуу, сарлаг, тэмээний яс олдсон нь эх газартай хамт “нүүж“ очсоноос өөр яасан байхав. Эх газартай хамт очсон хүн амын дийлэнх нь Монголжуу төрхтөн байгаа, бас Африк төрхтний ул мөр байгаа нь цаанаа их л учиртай. Одоогоос 4-5 түмэн жилийн өмнө Азийн хэмжээнд сүүлийн иргэншлийн ухаант хүн (хомо сапиенс) үүсэх их давлагаан болж, хэд хэдэн цэгт “голомт хатгасан” гэмээр байдгийн нэг нь Японууд. Япон болон далайн эрэг хавийн газруудаар “хүн үүссэн” ул мөр болох “Охидын улс”–ын үлдэгдлүүд харьцангуй саяхан болтол байсныг эх сурвалжууд хэлээд өгдөг. (“Хүний үүсэл” номоос уншина уу.) “Хондван” тивийг тарж бутран салж хөвөхөд Индонезийн арлуудаар тархмал байсан Африк төрхтнүүд ойр хавийн эх газруудад шилжин суурьших хандлагатай байсан. Тэд, хөвөөд явсан эх газарт очиж амжсанаар үл барам сүрхий иргэншсэн суурин байгуулж байсныг Пойнт Хоп–ын учир битүүлэг “хот” лавтай мөн гэхэд юундаа буруудаа аж. Тэгвэл /Азид хамаарч болох томоохон эх газар Америкийг чиглэн хөвөхдөө Африк төрхтнүүд, Монгол төрхтэй, Японы “Охидын улс”–ын багагүй хүн амыг, бас дээрээ юу л байна цөмийг аваад талийсан/ байхаас зайлахгүй. Ийнхүү хойд болоод дундад Америкийн хүн амын бүтэц, гарал үүсэл тодорхой болоод ирж байгаа юм. Тэгээд бас болоогүй, дээр нь Атлантидаас дүрвэсэн цагаан арьстныг нэмчихвэл индианчуудын жинхэнэ “холимог төрхтөн”–ий шинж бүрдэж, үгүйсгэхийн аргагүй болно. Болоод өнгөрсөн олон үйл явдлын аль нэгийг нь л буруу төсөөлж гэмээнэ түүх тэр чигтээ буруутаж, тайлагдашгүй гээд байгаа “оньсого”–ын тоог цөөрүүлж чадахгүй юмаа. Тиймдээ ч мөхөс би /4-5 түмэн жилийн өмнө Ази даяар үүсэн бий болсон Монголжуу төрхтөн, Атлантидаас дүрвэсэн ари төрхтний нүүдэл, суудал, сөнөсөн Му тивийн хүн амын үлдэгдэл дэлхийн түүхийн үйл явцад цогц болон оролцсон уу, гүйцэтгэсэн үүрэг нь ямар мэт байсан бэ/ гэдгийг иж бүрнээр нь “олох”–ыг хичээсэн гэдгээ өчсүү. Олон ээдрээг тайлж эрхбиш хүн үнэмшихүйц “түүх” болгоё гэхдээ зориуд мушгин гуйвуулах ч юмуу, өөрт ашигтайгаар гүтгэн тохируулаагүй. Харин “Тиймэрхүү л үйл явдал болсон болов уу” гэх сэжиг таамагтай хөөцөлдөж явсаар хар аяндаа тасархай гогцоо битүүрэх юм билээ. Аз болоход, Америкийн геологичид Аляск, Баруун эргийн нуруу, Калифорнийн эх газруудыг “уугуул Америкийн бус, Му тивийнх” хэмээгээд байгаа нь туйлын зөв юм. Ютагийн давсан тал, их үерийн үед далайн эрэг хавийн нутаг байсан бололтой. Тэгвэл дээрх эх газрууд нилээн хожим очиж “нэгдсэн” буйзаа. Калифорни хавийн Индианчууд Индонезтэй адилавтар хэлээр ярьдаг нь нэгийг үгүүлнэ. Хойд Америкаас Японы шаазан урлал олдсон нь дээрх таамаглалд харшлахгүйгээр үл барам баталгаажуулж байгаа юм. Яагаад гэвэл бүүр 1,4 түмэн жилийн өмнө Японы шавар урлал өндөр төвшинд хүртлээ хөгжсөн гэдэг юм чинь. Төв Америкийн Индианчуудын наранд “хүн”–ээр тахил өргөж буй зан үйл, Япончуудын нарны дагина Аматерасугийн шүтлэг хоёр нэгэн сэжмээр холбоотой байхаа. Өмнөд Америкийн Перу орчмын газар бас л эрдэмтдийн анхааралд өртөж Му тивийн тасархай хэмээн таамаглах болж. Үнэндээ ч хадат уулсын гайхам сонин байгууламжууд, үгүйсгэх аргагүй өнө эртний чулуун судрууд, зөвхөн нисэх онгоцоор л уншиж болохоор газар дээрх асар том зураг дүрс сэлт Америкт өөр хаа ч байхгүй юм. Тэндэхийн Чоно овгийн хэл Австралийн зарим овгийн хэлтэй тохирдог нь Перу орчмын нутаг Австрали хавьд байсныг харуулж байгаа юм. Өмнөд Америкийн хамгийн сонин содон, олон юмны гогцоо болох юмны нэг бол дээр үгүүлсэн “Амазоны охид”. Энэ бол яалт ч үгүй “Хүний үүсэл”–д хамаатай “Охидын улс” лавтай мөн. Азийн хэмжээнд Монгол төрхтнүүд үүсэн бий болох их давлагаан болохын цагт, дээр дурдсан эх газарт “хүн үүсэх” үйл явц өрнөжээ гэхээс өөр гарц олддоггүй юм. Инкүүд, ер нь өмнөд Америкийн Индианчууд ихэвчлэн Монгол төрхтэй байдаг нь ч үүнтэй холбоотой биз. Яагаад ч юм, Амазоны охид сүүлдээ Тэнгэр нартай харьцахаа байж аль тааралдсан амьтад лугаа нөхцөж үр удмаа үлдээхийг хичээсэн бололтой. /Үүний учрыг “Хүний үүсэл” номоос уншина уу./ Үүнээс аванхайлж Чоно овог үүссэн, удамшлын энэ гаж юм шиг тогтолцоо сүүлдээ Түрэг нарт угшсан мэт. Перу хавийн эх газрыг дагалдан Австрали төрхтний төлөөлөл ирсэн нь мадаггүй ч уусан замхарч тэр гэхийн тэмдэггүй болжээ. “Хүний үүсэл” номыг бичиж байхад ч, энэ нийтлэлийг тэрлэж суухад ч санаа зовоосон гурван томоохон бэрхшээл тулгарсан юм. 1. Му тив, Атлантида хоёр нэг цохилтоор сүйрсэн. “Нүүж” очсон хүмүүсийн аж төрөх хэв маяг, археологийн олдвор үүнтэй нийцдэг бол сууж үлдсэн Пасхи арлын Түземчүүд “Теа Вака, манай газар маш том улс байсан Ноке таягаа Охироо дээр тавихад их давлагаа үүсч ус жижиг болсон” гэдэг нь оюун санаанаас нь арилаагүйг харуулж байна. Гэтэл Му тивийн хагархай тийм түргэн хөвөөд оччихсон байдаг нь санаанд багтамгүй. Гэвч сайтар эргэцүүлэн бодвоос зүгээр нэг зөнгөөрөө хөвөөгүй юм чинь арга ч үгүй бололтой. Тэнгэрийн эрхэстэй “сар” мөргөлдөж, тэр нь буцан хөндийрч дэлхийг тойрч эхлэхдээ асар их таталтын хүчээр санаанд оромгүй энэ ажлыг “амжуулсан” нь ч гарцаагүй, дэлхийн хэмжээнд “их үер”–ийн гамшиг тарьсан нь ч дамжиггүй бололтой. 2. Атлантида, Му тивийн “зочид”–оос өмнө Америкийн уугуул оршин суугчид нь ямар хүмүүс байв аа. Му тив лугаа ойр байсныг бодсон ч тэр, Атлантидын дүрвэгсэд энэ тивд хөл тавимагц догшин ширүүн индианчууд угтсаныг бодсон ч тэр уугуул хүмүүс байсан гэх үндэстэй. Тэгээд ч АНУ–ын эрдэмтэд Мексикийн Вальсекиллогоос 250000 жилийн өмнөх “хомо сапиенс”-ийн ул мөрийг илрүүлсэн байдаг. Харин тэр уугуул хүмүүс ямар арьстан, соёл иргэншлийн ямар онцлогтой гэдгийг барин тавин хэлэхэд төвөгтэй юм. 3. Америк, Канад, Гренландын Эскимосчууд Индианчуудаас гаралтай юу, Азиас уу гэдэг нь харьцуулалт хийх аргагүйн улмаас хариулт өгөхөд бэрхтэй юм. “Хүний үүсэл” номонд Хамнигаан гаралтай хэмээсэн нь тааварласан хэрэг.Колумбаас өмнөх Америкийн хүн ам, тэд дэлхийн түүхийг хэрхэн “бичилцсэн” бэ гэдгийг чадан ядан үгүүлэхэд ийм байна. Харин өвөг Монголчууд тийшээ хэзээ ч нүүж очоогүй юм шүү, таминь.
Comments
Post a Comment