Г.Армаа “Хүний үүсэл” номын эргэн тойрон (Өөрийгөө шүүмжлэхүй)

 1. Өмнөтгөл Мөхөс миний тэрлэсэн “Хүний үүсэл” ном нийтэд түгээд жил гаруй боллоо. Энэ нь миний тухайд, бүтээлийн үнэ цэн, алдаа оноогоо бусдын амнаас сонсохсон гэхдээ, “олон жил хүүгээ хүлээсэн эх” шиг тарчилсан өдөр хоногууд байлаа. Таг чиг болохоор нь сүүлдээ цөхөрч, “муйхарлан зүтгэж, муучлан дайрдаг, мунхагдуу ч болтугай хүн, мундмааргүй л юм” гэж ганихрах юм билээ. Ямар сайндаа зарим нэг нийтлэлээрээ (нийтлэл мөн л байгаасай) дамжуулж түүхчид, эрдэмтэд, зохиолчид, лам хуврагуудыг хатуу үгээр түншлээ, тусыг эс олов. Уншихгүй юм чинь гээд, улс төрчдийг онилоогүй нь л сохор аз. Ард түмнийхээ аль шилмэл хүмүүс өөд шөргөн гал нээсэн нь, амыг нь “ангайлгах” далд санаа байсан юм. Одоо бодоход, өөрийнхөө үндсэн зан чанараа мөхөөж, хувиа хичээсэн, арчаагүй арга хэрэглэж дээ би. Нээрээ ч тийм ойворгон хүнтэй чинь хэн л яриа аж даа. Бусармаг үгээн буцаагаад хормойлж чадахгүй ч, та нарынхаа өмнө буруу бүхнээ хүзүүндээ өлгөж байгаад, түмэнтээ хүлцэл өчин, нүглээ наманчилъяа. “Хүний үүсэл” номыг хэвлүүлж байх үеэн бодвол, мөхөс миний ааг омог дарагдаж, эргэцүүлэн бодох, шүүн тунгаах, “дүгнэлт” –ээ лавшруулан бататгах, зарим нэг юман дээр омтгойрсон гэдгээ ухаарах байдалруу шилжжээ. Хөдөлмөр, тэр дундаа оюун санааны чадал шавхаж, чөмөг дундлаасан хөдөлмөр гэдэг хүнийг хар аяндаа өөрчилж, төрөл арилжсан мэт болгодог аж. ШУ –ч судалгааны арга “худлаа хэлж болохгүй” хэмээн ясанд тултал ойлгуулдаг. Харин Буддын судар номын сэжүүр сөхөж, эргэцүүлэн бодох тусам агуу их “бодь сэтгэл” –ийн үр зүрхэнд соёолдог байх юм. Ноднингийн өдийд, орчлон ертөнцийн явдлыг таамаглах (тэр нь азаар оносон талдаа байгаа нь яамай даа) төдий шатандаа байсан бол, одоо үзэл бодол маань гуйвалтгүй төлөвших шатандаа оржээ. Тийм бөгөөс өнөөдөр алдаа оноогоо цэгнэж, олон түмэн лүгээ хуваалцах цаг нь ирсэн бололтой. “Сүрийг үзүүлэгч дөрвөн Махранз тэргүүтэн бурхад Сүмбэр уулыг үүрд сахин хамгаалж чадах болбасу Эх болсон хамаг амьтан нугууд амгалан болох хийгээд Эгнэгт дээд төрөлдөө хувилан төрж цэнгэн баясалцюу. Үзэг цаас хоёроор илд бамбай хийсэн бичээч бээр Үнэнийг хамгаалж буртаггүй байлгаж чадах болбасу Үе үеийн хүмүүс тал талаас нь тасар татан үгтээв чиг Үргэлж мөлжүүртэй хэвээр үлдэх СУДАР туурвиж чадюу.” Тиймээ, орчлон ертөнцөд “үнэн” юм гэж бий. Мөртөө ч үгүй Буддизмын, ШУ –ны, шашны, хэн нэгэн хүний гм олон янз байхгүй, цор ганц төрлийн л “үнэн” бий. Философичид, үнэн –харьцангуй нь бий, харин туйлынх гэж байхгүй бололтой юм номлодог. Энэ нь чухамдаа юу л бол. Борог бааз ахуйн хүрээний тусгалыг явцуу сэтгэлгээ бээр ингэж дүгнэхээс өөр аргагүй байдаг бололтой. Хэрэв, гэгээрлийн хутгийг олсон “бурхад” юмуу Тэнгэр нарт энэ үгийг сургамжлах маягтай үгүүлбээс, машид доогтойгоор инээлдэн, ихэд шоолох буйзаа. Тийм бөгөөс “үнэн” –ий эрэлд хатаж, “алс хэтэд санаархагч” мөхөс надад, зөвхөн өнөөдрөөн бодож алдар нэр мөрөөдөх, алт мөнгөнд шунах, алд биеэ магтах нь үнэхээр ичгэвтэр, дэндүү мунхаг болъюу. Хэдий бээр өөрийгөө “шүүж” байгаа ч чин шударга, голч байдлаар алдаа оноогоо дүгнэнэ гэдгээ андгайлсу. Өчүүхэн оюун ухаан жолдож, осол эндэл гарган цалгардах аваас, тал талаас түшэн, засаад авах мэргэд, ухаант хүмүүс захаас аван олдох “Тэнгэр гаралт, шулуун шударга ард түмний хүү юм шүү би” хэмээн тайтгарч суух нь нэгэн төрлийн жаргал аж. 2. Цоо шинээр “Мөр гаргах” санаа нугууд Мөхөс би бээр номоон бичиж суух зуур, шинэ “нээлт” гаргах ч юмуу, хэнбугай хэзээ ч хэлээгүйг хэлж, олон түмнийг алмайруулах этгээд бодол огт байсангүй. Харин явцын дунд олон янзын түүхэн баримтан дунд сэлэх мэт умбаж, өчүүхэн оюун бодол юугаан чилээж, харьцуулан бодолхийлэх тусам, олон нийтийн дунд, тэр дундаа ШУ –д хэвшиж тогтсон “хүн” –ий тухай зарим суурь ойлголтууд нэг л “ноо” –той болох нь анзаарагдаж эхэлсэн. Анхандаа балмагдаж байсан ч “ШУ –ныг бурхад бус, хүн бий болгож, алдаагаа засаж, ололтоо гүнзгийрүүлэн бататгаж ирсэн” түүхийг халтарлахын хувьд дуугарахаар шийдсэн юм. Зарим хүмүүсийн ойлгодог шиг, “ШУ –ны тогтсон үзэл баримтлалаас хазайж болохгүй” гэсэн бурханчлах үзэл хүн төрөлтний танин мэдэхүйг хар тамхинаас илүү хордуулдаг агаад, нүдэнд үл үзэгдэх “хоцрогдол” –ыг араасаа дагуулдаг жамтайг бид анзаардаггүй. Харин тэгж өлбийж суухын оронд “ШУ –ны хөгжлийг түргэтгэхийн тулд дуслын төдий ч болтугай дэм болох нь ухаант хүн бүрийн үүрэг мөн” гэвэл өөрөө. Дэн их нуршсандаа санаа зовиновч, аргагүйн зовлон хэцүү. Шинэлэг “санаа” маань юув гэхлээр. Нэгдүгээр боть: 1. Хоминидууд хэзээ ч хомо сапиенс болоогүй, болох ч үндэсгүй. Тэдний хөгжлийн дээд шат нь Неандертал “хүн”. “Хүй нэгдэл” хэмээх нь хүний нийгэм биш. (Ийм нийтлэл шинээр бичсэн.) Орчин ахуйдаа захирагдаж, аажмаар “зэрлэгших зам” –руу орчихсон хомо сапиенс нарыг л хэлдэггүй юм бол, зөвхөн хоминидуудын “нийгэм” мөн. 2. Неандертал “хүн” –ий мөхөлд байгалын хүчин зүйл нөлөөлсөн гэхээсээ, тэдний удмын сан (ген) –д гажилт үүсэж зөвхөн эм хүйсээр дүүжигнэж ирсэн гэх таамаг. 3. Замбуутивийн хүн буюу Сог Монголчуудын дээд өвөг –Амармагийн Тэнгэр нараас үүссэн. Тэнгэр нарын хувилан төрсөн үр хүүхдийг Сахигч Тэнгэр нар бойжуулав. (Энэ тухай “Эврика!” –г нэмж бичсэн.) 4. Сахигч Тэнгэр хэмээх нь ямар нэгэн шат дамжлаггүй шууд биежсэн Тэнгэр нар. Тэднийг эртний сударт “үлэмж биет” гм нэрлэдэг байжухуй. Үлэмж биетнүүд өөрийн төрлийн Тэнгэр нарын үр садыг “эх барьж”, хүмүүжүүлж хүн болгодог байсан. “Үлэмж биет хүмүүсийн тухай эргэцүүлэл”, “Эврика!” нийтлэлүүд. 5. Сахигч нарын хойч үеэ хүмүүжүүлдэг арга барил, сургаал нь өнөөгийн бурхны шашны дэг жаяг, номлолын эх суурь юм. Буддизм төлөвшихдөө ч үүнээс ангид байгаагүй. 6. Тэнгэр гаралт Монголчуудын оюуны өндөр чадвар, аж төрөх олон талт мэдлэг бол Сахигч Тэнгэр нарын ач гавъяа. 7. “Хүн үүсэх” үеийн сонирхолтой зүй тогтлын нэг нь яахын аргагүй Охидын улс. Энэ бол “эхийн эрхэт ёс” биш. Хүүхнүүдийг ялган хатан хаант улс байгуулна. Эрчүүд нь Сахигчдыг дагалдан Арш нар болцгооно. Хүүхнүүд зөвхөн “Бусдын хувилгааныг эрхээр болгогч Тэнгэр нар” –ын үр хүүхдийг төрүүлнэ. Эрчүүд нь Тэнгэр нар лугаа нэгдэн нийлнэ. Ийм байдал удтал давтагдсан тул ул мөрөө үлдээжүхүй. 8. Хүний тоо хэт олширмогц анхны өрх гэр үүсэж, төрт ёсны үндэс тавигдана. 9. “Алтан ураг” хэмээх нь хааны үр удмыг хэлдэггүй. Харин Охидын улсыг хэлнэ. 10. Охидын улсын хүүхнүүд гайхалтай онцлогтой. Ямар ч амьтан лугаа нөхцлөө гэхэд эр тал нь нөгөө амьтнаа дууриадаг бол эм тал нь үзэсгэлэнт охин гарч удам тасардаггүй. Энэ бол “Алтан ураг” нэрэндээ тохирсон бурханлаг шинж мөн. 11. Нэг Охидын улсаас өөр өөр цаг үед суварч тасарсан хүмүүсийг нэг төрөл “Угсаатан” хэмээнэ. Нэг юмуу хэд хэдэн төрөл угсаатан нэгдэж “Үндэстэн” бий болно. 12. Охидын улсын тархац, шинж байдлаас нь ажиглах юм бол Азийн өнөөгийн үндэстнүүдийн гарал үүслийг багцаалж болохоор. Үүнд: Энэтхэгт Сог Монгол, Төвдүүд одоогийн байгаа газраа, Асурын удмынхан Төвдийн хойд биеэр, Хамнигаанчууд Хянганы нуруу хавьд, Японууд өнөөгийн нутаг хавьцаа үүссэн гэмээр байдаг бол, Хятад, Бирмийнхэн Гималай нурууны зүүн хойд биед голомт хатгасан мэт. Далайн эрэг хөвөө, арал, хойг сэлтээр олон тооны Охидын улс байсан мэт боловч бусад томоохон угсаатнуудтай нэгдэн, тэр гэхийн тэмдэггүй болжээ. 13. “Өндөг төрөлтөн” хүмүүний ул мөр үлджээ. 14. “Цагаан өвгөн” бол нэгэн төрлийн өвөрмөц “хүн”. 15. Атлантида тив бодитой оршиж байгаад 11,6 мян жилийн өмнө сөнөсөн. Сар дэлхийг мөргөн (Атлантида тивийг онож нядаасан) буцаад тэнгэр өөд “ойжээ”. Ийнхүү сарны татах хүчний нөлөөгөөр дэлхий нийтийг хамарсан их үерийн гамшиг болов. 16. Атлантида тивийн уугуул хүн ам бол зөвхөн ари (Европ) төрхтнүүд байсан шигээ, ари төрхтнүүд өөр хаа нэгтээ үүсээгүй. 17. Европын хүн амыг 3 төрөлд хувааж болох мэт. а/. 3,5 түмэн жил орчмын өмнө Пиренейн хойгоор орж ирсэн Атлантууд. Тэд өнөөгийн Роман хэлтний бүлэг, Герегүүд. б/. Америкаас их нүүдлээр ирэгсэд. в/. Африкаар дамжин орж ирсэн Афрази хэлтний бүлэг. (Энэ тухай “Атлантида тивийн хүмүүс” нийтлэл нэмж бичсэн.) 18. Монголчууд Америкт очсон гэдэг худлаа. (“Би ганцаардана гэж үү, ёстой гонж” нийтлэл.) 19. Америкаас Азийг чиглэсэн их нүүдэл болсон нь сэжиггүй. Их нүүдлээр, Герман, Скандиновын орныхон, Фин –Угорчууд, Уралын олон угсаатан, Галлчууд, Славянууд, Этрүүсүүд, Финикүүд, Шотланд, Ирланд, Түрэг, Иран, Энэтхэгийн Гүрү овог гм ари төрхтнүүд ирсэн. Бас Индианы Алеут, Авар, Нивхи, Кет, Тэлингид, Кипчаг, Чинос гм овог аймгууд, Амазоны охид ирсэн. Финикийг Афрази хэлтэн байсан бололтой бичсэн байдаг нь Эламын нутагт Халдейчуудтай удтал хамт байсны нөлөө. (Дээрх нийтлэлээс гадна, “Тэнгис далайг гаталж ирсэн бөрт чоно” нийтлэл.) 20. Герег үндэстэн бол Мадленчуудын нэг хэсэг. Том антай хөөцөлдсөөр, нэг мэдэхэд Байгал далайн баруун эрэгт өвөг Монголчуудтай айлсаж олон зууныг өнгөрөөсөн. Тэд Европруу буцахдаа “Карасук” –ын соёлыг үлдээсэн. 21. Хүн, үүслийнхээ анхны үед оюун санааны гайхамшигт чадвартай байдаг. Материал баялаг эзэмшихийн хэрээр буурдаг. Оюун санаа, материал баялаг хоёр урвуу хамааралтай. 22. Номхон далайд оршиж асан Му тив, Атлантида лугаа нэг цохилтоор хамт сүйрсэн. Му тивийн зарим хэсэг (Японоос Индонез хүртэлх зурвас газар) сарны татах хүчинд хөөгдөн хөвсөөр хойд Америкт очиж наалдсан нь өнөөгийн Аляскаас Калифорни хүртэлх нутаг. Тэр эх газартай хамт Японы Охидын улсын зарим нь, өмнө зүгээс нүүдэллэн ирсэн Африк төрхтний төлөөлөл очсон. (“Би ганцаардана гэж үү, ёстой гонж” нийтлэл.) 23. Австрал орчимд байсан Му тивийн нэгэн хэсэг, дээрхийн адил хөвсөөр өмнөд Америкт наалдсан нь өнөөгийн Перу, Эквадор хавийн нутаг. Тэр эх газартай хамт Австрал орчимд байхдаа үүссэн Охидын улс буюу алдарт Амазоны охид очсон. (Австрал төрхтнүүд очилцсон байж болзошгүй.) (“Тэнгис далайг гаталж ирсэн Бөрт чоно” нийтлэл.) 24. Хэт ухаантай аварга хүмүүс жирийн хомо сапиенсаас өөр. Тэд бол ямар ч шат дамжлагагүй шууд биежсэн Тэнгэр нар мөн. (“Үлэмж биет хүмүүсийн тухай эргэцүүлэл”, Мөн “Эврика!” нийтлэл.) 25. Тэнгэр нар болон Үлэмж биет хүмүүсийн хөгжлийн дээд шат, боловсронгуй нийгэм нь Сүмбэр уул буюу Шамбалын орон. Сүмбэр уул хэмээсэн нэр явсаар Шамбал болжухуй. Хоёрдугаар боть: 1. Монголчууд Энэтхэгийн орноо үүссэн. Анх өөрсдийгөө Дравид (Бүргэд) гэдэг байв. 2. Эмэгтэй хүний богтог малгай, дэргэр үс сэлт нь “Бүргэд” шүтээнээс үлдсэн улбаа төдийгүй, энэ шүтлэг нь Охидын улсын үед үүссэн гэдгийн баталгаа. 3. Дари, Дард хэл нүгүүд Дравид хэлний залгамж, хойч юм. 4. Шүмэрүүд ба Эламууд Дравид хэлтэн мөн. 5. 1-р Дарий хаан (МЭӨ 522-486 он) бол Дравид хүн. 6. Агуу их Мила богд Дравид гаралтай. 7. Өвөг Монгочуудын “Үхэр”, “Буга” шүтлэг төрт ёсны анхны нэгж болох өрх гэр үүссэний дараагаар бий болсон. 8. Буга шүтлэгийг хожим нь Түрэгүүд “өргөж” авсанаар Евразийн хэмжээнд “Буган хөшөө” элбэгшив. 9. Өвөг Монгол эрчүүд хөхөл гэзэг сүлждэг байсан нь, эрэгтэй хүүхдийнхээ үсийг аваад эвэр үс үлдээдэг асан нь “Үхэр” шүтээний бэлгэдэл. 10. Бөхийн барилдаан “Бух ноололдоон” –оос үүдэлтэй. “Бух” хэмээсэн үг явсаар “Бөх” болсон төдийгүй Бүргэд шүтлэгийн элин халих хөдөлгөөнийг нэмсэн аж. 11. Хор Монгол - “Асура” –аас гаралтай. (“Эврика!” нийтлэл.) 12. “Хор” хэмээх үг олон салаа утгатай ч, “Хор Монгол” гэхлээр “зэр зэвсэг” гэсэн утгыг илэрхийлдэг байсан бололтой. 13. Элам нь “Халим” гэсэн үгнээс гаралтай байж магадгүй. 14. Сахигч Тэнгэр нараас угшилтай өвөг Монгол аймгийг “Шакъяа” хэмээдэг. Түүхэнд Сак, Сог, Согд, Согбу, Скиф гм тэмдэглэгдсэн угсаатнууд цөм Шакъяа овгийнхон. (“Эврика!” нийтлэл нэмж бичсэн.) 15. Монголчуудын язгуур шүтлэг –Гал. “Гал тахилга” нь явсаар “Агни Йога” болсон. 16. Монгол гэдэг нь Мод (иддэг), Гал (шүтдэг) хэмээсэн утгатай аж. 17. “Мэлхий” шүтлэг бол өвөг Монголынх бус, Индонез хавиас нүүж ирсэн Мунда нарынх. 18. Санскрит бичиг бол, өвөг Монгол, нүүж ирсэн ари нарын хамтын бүтээл. Энэ бичиг, өөр ямар нэгэн бичиг үсгээс хараат бусаар бий болсон. 19. Монголын “Үхэр,бар хоёрын тухай” ёгт үлгэр бол Перс, Монгол хоёрыг хэлж буй юм. 20. Үе үеийн түүхэнд Монгол –Түрэг, Монгол –Иран аймгууд удтал сөргөлдөн тэмцэлдэж байв. Энэ нь Сог Монгол, Хор Монголын гаралтай холбоотой. (“Эврика!” нийтлэл.) 21. 2,5 түм орчим жилийн өмнө Энэтхэгээс гарч умрыг зорьсон Дравидууд (өвөг Монгол) замдаа савирч үлдсээр дийлэнх хэсэг нь Байгал далайн баруун эрэг хавьд нутаглах болсон. Энэ үест өрнө зүгээс Герегүүд ирж Дравид лугаа айлсан нөхөрлөв. Герег домогт гардаг “Гипербореи” бол Дравидууд мөн. 22. Гарал үүслийн хувьд, Нируны 19 аймаг Монгол талдаа байсан бол, Дарлиганы 18 аймаг гол төлөв Түрэг талдаа байсан мэт. 23. Хятадын эртний Ся улс хэмээх нь Монгол –Түрэг аймаг байсан мэт. Ся улсын зонхилох хэсгийг Хянь –Юнь, Хуньюй аймгийнхан бүрдүүлсэн бололтой. Тэд яваандаа Хүннү гүрний гол цөм болсон. (“Монгол –Дэлхийн соёл иргэншил” нийтлэл.) 24. МЭӨ 3 мян оны үед өрнөөс нөмрөн ирж Хятадыг түрэмгийлсэн угсаатнууд бол, Монгол – Иран аймгийнхан юм. Тэдний зонхилогчид, домогт Шар эзэн хаад (Хуанди нар) болцгоосон. 25. МЭӨ 6 –р зууны эхэн үеэр, Бөөгийн 6 их багш Бурхан багштай арсалдан ялагдаад, дагалдагсадаа авч дорно зүг нүүж Лядунгийн хойг хавиар нутаглав. Тэд бол Хор Монголчууд юм. Сяньби, Тоба, Нирун, Кидан бол Хорчуудын удам ба тэднийг нэг хэсэг Дунху хэмээдэг байв. 26. Уйгарууд Хорчуудыг даган нүүж ирсэн. Тэд Монгол ёс заншилд ихэд “дэвтсэн” хүмүүс. Учир нь бөөгийн шашинд дагаар орсондоо тэр. Уйгарууд Хүннү гүрний үеэс Хятадын нутгаар дамжин өрнө зүг нүүдэллэсэн. 27. Монгол –Иран аймгийнхан Хятадад дүрс бичиг дэлгэрүүлсэн мэт байдаг бол, Хорчууд Хятад бичиг лугаа адил зурлагатай дүрс бичгийг хэрэглэж байсан. 28. Эртний Гяньгүнь (Хиргис) аймгийнхан Америкаас нүүж ирсэн “Индиан аймгуудын бөөгнөрөл” байсан байж болох. Харин Якут (Саха) болбоос Монгол угсаатан биш. 29. Бөрт чоно, Чинос овог, “Нохой эртэн”, Нукуз гм –ийн үгний цаана гүнзгий учир шалтгаан буй. Австралаас гараагаа эхэлж Америкаар дамжин Евразид орж ирсэн Амазоны охид (Охидын улс) чонотой нөхцдөг байжухуй. Тэдний удамшлын тогтолцоо Түрэг мэтийн угсаатнуудад халдварлаж Амазоны охин -чоно –хүн гэсэн гурвалжин үүсчээ. (“Тэнгис далайг гаталж ирсэн бөрт чоно” нийтлэл.) 30. Монголын гурван гайхамшиг. а/. Шатар, б/. Уртын дуу, в/. Нүүдлийн сонгодог соёл иргэншил. Дээр үгүүлсэн дүгнэлтүүд түүх бичлэгт урд өмнө нь ер байгаагүй. Тийм ч учраас “шинэлэг” хэмээгээд байгаа юм. Мөхөс би вээр өөрийнхөө аяст таацуулж шинэ дүгнэлт гаргаж ирээд байгаа юм биш (тийм шалтгаан яаж байх билээ дээ), харин үйл явдал, баримт, эх сурвалжийн мэдээ ингэж үзэхээс аргагүйд хүргэсэн. “Хүний үүсэл” номыг анхааралтай уншсан хэнбугайд ч бас л тийм бодол төрнө хэмээн мунхаглана. Хэрэв дээрх дүгнэлтүүд “үнэн” юмаа гэхэд Монголын болоод дэлхийн түүх бичлэгт цоо шинэ үзэгдэл болно. Энэ ч бага хэрэг, нийт хүн төрөлтний танин мэдэхүйд “эргэлт” гарахад хүрэх юм. Ийм эгзэгтэй нөхцөл байдал үүсэж буйн улмаас “Хүний үүсэл” номыг тал талаас нь шүүн хэлэлцэхээс аргагүй биз дээ. Номоо хэвлэгдэнгүүт ухаалаг, гэгээлэг хүмүүст тарааж “саналаа бичээд өгөөч” хэмээн хичээнгүйлэн гуйгаад байсны учир энэ. Мушгин гуйвуулдаг нь “нэг ном бичсэний төлөө юун сүртэй юм, борлохгүй номоосоо ашиг олох л гэж байгаа биз” гэх. Үл тоомсорлогчид, таавраар чалчигсад, “харах царайнаасаа, энэ бид хоёрын шинэ санаа гэж хаашаа харсан байдгийм, гайгүй ч хэвтэнэ ээ” гэх. Юу яриад байгааг ойлгохын цаагуур ойлгосон мөртөө атаархлын хоронд мансуурагчид “хэн бүхний л мэддэг зүйл, түүх бичлэгт ороогүй иймэрхүү юм өч төчнөөн л байдаг шүү дээ” гэх. Түүх бичлэгийн талаар “а” –гүй ч мэддэг дүр эсгэгчид “авах ч юм, хаях ч юм байна лээ” гэх. Хашир нь дэндэгсэд, “түрүүлж дуугараад дэмий, харан байж болъё” гэх. Шу –ныг бурханчлан шүтэгсэд, “воод воод, наадах чинь хө, бүтэхгүй юм байна, ШУ хүлээн зөвшөөрөөгүй юмыг мянга хашгичаад яахым, тэр дорохноо шүлэг мүлэг оролд” гэх. Бурхны номыг цээжлэгсэд, “та, шашны номын тогтоосон тааллаас хэтийдэж, цаазын гэм алдалд хүрсэн байна” гэх. Өндөр хэргэмтэнгүүд, төрийн зүтгэлтнүүд, өнгийж ч харалгүй хол чулуудаад өөдөөс ярвайсхийх. Олон хүний зан чанар, шинж байдал үнэндээ иймэрхүү л байдаг, энэ бол жам. Нэг талдаа ийм хүмүүс “ашигтай” гэж бодогдох үе бий. Бодож сэтгэж, хийж бүтээх гэж тэмцэж яваа хэнийг ч болов, дорой буурайгий нь бөхөөдөг ч шантрашгүй нэгий нь хурцалж чаддаг учраас тэр. Гэхдээ наана нь зөв сэтгэж, гүнзгий ухаардаг хүмүүс тун олон бий. Тэр хүмүүс “энэ чинь нээрээ улс үндэстнээс хальж, нийт хүн төрөлтний үндсэн эрх ашгийг хөндсөн юм байнш дээ” хэмээн тусгаж авах л болно. Сэтгэл судлаач аятай мэдэмхийрээд байгаагийн учир болбоос, “Хүний үүсэл” номыг бүх нийтээрээ хэлэлцэе хэмээн уриалах гэсийм. Нөгөөтэйгүүр “сэтгэлийн хөөрлөөр бус, ухаалаг, нухацтай хандаасай” хэмээсэндээ ийнхүү илэн далангүй нуршсан хэрэг. Магтлаа гээд магнай хагарахааргүй, мууллаа гээд мундар хутгахааргүй болтлоо хатуужлыг олж борогшсон гэдгээ хэлсү. Миний бичиглэсэн зүйлс: Bloq: http://delqermaaarmaa.bloqspot.com/ e.mail:armaa_q@ yahoo.com дотор байгаа ба энэ хаягаар харилцаж болох юм. Гэхдээ энэ нь, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслийг ашиглан үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэсэн хэрэг биш л дээ. Нэгэн эд эс нь болохын хувьд ард түмэндээ хандаж, “Хүний үүсэл” номыг нийтээрээ шүүн хэлэлцэе, идэвхтэй оролцогтун, хэмээн уриалъя. “Төр нүдтэй” нь үнэн юм бол анхаарлаа хандуулж л таараа. 3. “Хүний үүсэл” ном төгс төгөлдөр болоогүй Номоо хэвлэгдэх үед, хэзээ ч гар хүршгүй “мөнхийн ном боллоо” хэмээсэн омогшлоо нууж ядавч, хүүс хүүс илрээд болж өгөхгүй байсныгаа эргэн санахад ичмээр. Бүтэн жил хянан нягталж, эргэцүүлэн бодсоны дараа “хэвлүүлэх гэж арай л яарч дээ” гэсэн харуусал давчдуулна. Номыг, гараар үйлдэж бус, Галбарваасан модноос рид чадлаар гаргаж авсан хувцас лугаа зүйрлэе. Мэдээж салхи сийгдэггүй, бороонд ажирдаггүй, өвөлдөө дулаан, зундаа сэрүүхэн, хөнгөн, эдэлгээ сайтай бол мөн гоёо. Гэтэл мөхөс би жил тойрон болуут даарч бээвийгээд, хувцас маань сэмрээд байх шиг санагдаад сэтгэл нэг л тавгүй. “Онгойж байхаар умайж бай” гэдэгсэн. Бас, “унасанаа авч идэж, урагдсанаа нөхөж өмсөн хүн болдог” ч гэх нь бий. Ингээд хувцсаа нөхөж цойлдох ажилд шамдан орвоо. Цаашдаа ч байнга сэлбэж сэтгэж байхгүй бол өмрөөд уначихаж мэдэх л юм. Ийнхүү миний мэтгэсэн “үйл” болбоос /”Хүний үүсэл” номын тайлбар эрдэнийн чимэг оршив/ хэмээсэн нэгэн боть залгуулан бичсэн хэрэг. Ямар ямар учир шалтгааны улмаас, араас нь бүхэл бүтэн ном бичихэд хүрсэн учир шалтгаанаа уншигчиддаа хүргэх минь. Нэгдүгээр боть: 1. Ч.Эрдэнэ гуай “Хүний үүсэл” номын өмнөх үгэндээ “Амьдрал тохиолдлоор үүсэх магадлал тэгт тэмүүлдэг боловч амьдрал нэгэнт үүсч хувьсаад өдий хүрсэн нөр их үйл явцыг хэн, юу тохиолдлын бус ямар гээч арга замаар өдөөсөн, хөтөлсөн, зохион байгуулсан хэрэг вэ? Үндсийн үндсэн асуудал маань энэ. Тиймээс ерөөс амьдралын үүслийн тухай үндсэн асуудал шийдгүй байхад хүний үүслийн асуудал шийдтэй байж хэрхэвч чадахгүй юм” хэмээсэн. Энэ үг мөхөс намайг алгадаад авах шиг болж билээ. Тиймээ, шим ертөнцийн үүслийг авч үзэхгүйгээр, хүн үүссэн тухай ярих нь гоомой хэрэг. Нэг ёсондоо шүншиггүй бурхан бүтээжээ. Эрдэнэ гуайн буянаар, Буддизмын сургаалаас “Шим ертөнц тогтох ёс” –ыг уншсан чинь үзэл санаанд маань эргэлт гарч, төрөл арилжсан мэт болох нь тэр. Энэ их эрхэм хүнд сэтгэлийн өртэй хоцров. Суурь ойлголтууд “зөв” байгаагүй цагт бичсэн ном яаж олигтой болох билээ. “Хүний үүсэл” номын аль эгзэгтэй нандин асуудлыг “таах” маягаар бичсэн нь муйхар хар зориг гэхээс өөр аргагүй. Одоо бодоход аймаар. Тааж “буудсан” сум маань хаа очиж байнаасаа нэг их хол тусаагүйг бодоход, цаанаасаа Тэнгэр харж, ивээсийм болов уу даа. Шүншиггүй бурхан бүтээсэн дутагдлаа, “Эврика!”, “Үлэмж биет хүмүүсийн тухай эргэцүүлэл” нийтлэлээр засаж аравнайлав. 2. Тэнгэр (бурхан), хүн хоёрыг огт ялгаж салгалгүйгээр нэгдмэл маягтай үгүүлсэн Буддын номлолыг уншаад гайхахын ихээр гайхаж байсансан. Тийм ч учраас дадаж заншсанаараа бодит, нарийн ертөнц гээд л авч гарахгүй юу. Гэтэл суурь ойлголт маань бас л буруу байж. Өөрөөр хэлвэл Тэнгэр нар, хоёрдох үе дээрээ хувилан төрж хомо сапиенс болдог гэсэн эгэл үнэнийг ойлгосонгүй. Тэнгэр ч Тэнгэр, хүн ч Тэнгэр учраас Буддын “сургаал” –д нэгдмэл үгүүлдэгийн учир тэр юм санж. Дутагдлаа дээрх 2 нийтлэлээр зассан гэж бодож байна. 3. Сахигч (Тэнгэр) нар гэж яг ямаршуухан хүмүүс байсныг ойлгож чадалгүй, “хагас бурхад” гэх маягаар аргацааж билээ. Уг нь тэгж хэллээ гэхэд басчиг буруу юм байхгүй л дээ. Харин Сахигч нар “Үлэмж биет хүмүүс” байсан гэдгийг ойлгоогүйд л гол алдаа нь байгаа юм. Үлэмж биетнүүд олон “үүрэг, зорилго” –той байсан мэт боловч хамгийн гол нь Тэнгэр нарын үр садыг өсгөж хүмүүжүүлэх явдал байв. Иймээс “Үлэмж биет хүмүүсийн тухай эргэцүүлэл” нийтлэл бичив. 4. Америкаас Евразийг чиглэсэн “Их нүүдэл” болсныг сайтар ойлгосон мөртөө Индианы Алеут, Авар, Нивхи, Кет, Тэлингид, Кипчаг, Чоно, Чинос, Чибчис гм овгууд даган нүүж ирсэн байх гэсэн бодол, таамаг хоёрын дунд эргэлдэж баттай ойлголт авч чадаагүй байлаа. Гяньгүнь (Хиргис) нарыг ч гэсэн “Индианы бөөгнөрөл” мөн эсэхэд эргэлзэж байв. Газар орны байршил, хожим болсон үйл явдаас авч үзэхэд Индианууд ирсэн, Хиргис тэдний гол төв гэдэг нь лавтай ажээ. Харин Хиргисийн хэл соёлруу гүнзгий орж чадаагүйдээ “Эврика!” хэмээн чанга хашгирч болохгүй байна. Миний ард түмний дунд үүнийг нотолчих ухаантнууд өч төчнөөн бий. Үүнтэй холбогдуулж “Би ганцаардана гэжүү, ёстой гонж”, “Тэнгис далайг гаталж ирсэн Бөрт чоно” нийтлэл бичив. 5. Чукотка, Аляск, Канад, Гренландын Эскимосуудыг “Хамнигаан” гаралтай хэмээсэн нь их л гоомой хэрэг. Эскимосуудын хэл соёлыг судлах ямарч бололцоогүйн улмаас ийнхүү тааж буудсан хэрэг. Бодоход Хамнигаан гаралтай нь ч бий л байх, Му тивийн эх газартай хамт нүүж хүрсэн Индианууд ч бий л байх. Гэвчиг олон нийтийн анхаарлыг хандуулах нь миний хувьд хамгийн гол байв. “Би ганцаардана гэж үү, ёстой гонж” нийтлэл. 6. “Хүний үүсэл” номон дээр, “Шинэ тив” гэгддэг Америкийн үндсэн хүн ам, зөвхөн хожим Му тивээс хөвж очсон эх газрын хүмүүсээс бүрдсэн бололтой бичсэн нь буруу аж. Үйл явдлын дараалал, шинж байдлаас дүгнэлт хийвэл, олон мянган жилийн өмнө Му тивээс шилжин суурьшсан хүмүүс дийлэнх байсан бололтой. Мөн дээрх нийтлэлд бичив. 7. Эзотерик ном зохиолд гардаг “Тэнгэр нар биежиж байсан” тэр цаг мөчийг зөвхөн Шим ертөнц тогтож байх үед хамаатуулан ойлгож байв. Гэтэл тийм биш юмсанж. Кембрийн эринээс эхлээд бүхий л үеийн туршид Тэнгэр нарын биежих үйл явц тасралтгүй явагдаж ирсэн мэт. Энэ нь, аль цаг үеэс үл хамаарч “Тэнгэр нар эхлээд биеждэг. Биежсэн Тэнгэр нар Үлэмж биетүүд байдаг. Үлэмж биетүүд Сахигч Тэнгэрийн үүрэг гүйцэтгэдэг. Ийм нөхцөл бүрдсэний дараа Тэнгэр нар хувилан төрж эхэлдэг” жам ёс үйлчилдэг аж. Ерөөс энэ жам ёс, хомо сапиенс үүсэх үндсийн үндсэн зарчим гэдгийг дутуу ойлгож байсандаа гэмшнэм. “Үлэмж биет хүмүүсийн тухай эргэцүүлэл”, “Эврика!” нийтлэлүүдээр дутагдлаа засахыг хичээв. 8. Шамбалын орныг “Хэт ухаантай аварга хүмүүсийн хөгжлийн оргил туйл, тэдний боловсронгуй нийгэм” хэмээсэн нь өрөөсгөл, явцуу дүгнэлт болсон. Түүний оронд “Тэнгэр нарын нийгэм” хэмээсэн бол хавьгүй оновчтой болох байлаа. Ер нь Шамбалын орны Тэнгэр нар бусад Тэнгэрүүдээс ялгаатай тал нь дурын тохиолдолд биежиж ч чаддаг, хий биетэд хувирч ч чаддаг мэт санагдаад болж өгдөггүй юм. Даанч баталгаа олоход бэрхшээлтэй учраас энэ удаа ч гэсэн бас л задгай орхихоос. Харин Шамбалын тухай “Эврика!” нийтлэлд арай амьдралд ойр, бодитойгоор бичсэн гэж болно. Хоёрдугаар боть: 1. Сахъяа овгоос гаралтай Сог Монголууд, Асураас гаралтай Хор Монголууд байнга сөргөлдөж ирсэн зүй тогтлыг зөв ойлгож байсан ч цаад мөн чанарыг нь ухаж төнхөн, хүмүүсийн ой тойнд ортол тайлбарлаж чадаагүйдээ харамсана. Энэ дутагдлаа “Эврика!” нийтлэлээр засахыг хичээв. 2. Согчуудын суртал явсаар Буддизм болсон бол Хорчуудынх Бөөгийн шашин болсон. Харин Хорчууд Буддизмын суурь үзэл болох “Бумба” –аас шашныхаа гол элементүүдийг авсан гэдгийг гүйцэт ухаарч чадаагүй байлаа. Мөн нийтлэлд тодорхой дурдсан. 3. Аливаа угсаатны язгуур суртал гэдэг ямар гүнзгий учир шалтгаантай, араасаа хэчнээн урхагтай үр дагавар чирж байдгийг дутуу л ойлгож байж. “Эврика!” нийтлэлээр үүнийг тод харуулахыг хичээсэн. “Хүний үүсэл” номон дээр цалгардаж омтгойрсон зүйл юу байгаа, түүнийгээ хэрхэн засахын хичээсэн гэдгээ дурдахад ийм байна. Ном маань одоо л төгс боллоо гэж бас л хэлж чадахгүй. Миний анзаараагүй ч юмуу, ойлголтын алдаанаас болж юу ч гараад ирээ билээ. Тийм ч учраас “бүгдээрээ хэлэлцэе” хэмээхийн учир энэ. Олон –Оломгүй далай гэдэг. Монголчууд бид оюун санаа юугаан зангидаж чадвал, энэ номоор дэлхий дахиныг “байлдан дагуулах” төдийгүй, хүн төрөлтний танин мэдэхүй, сэтгэлгээнд “хувьсгал” гаргаж чадах юмаа. Тэр цагт мөхөс би зохиогчийн эрхээс татгалзан, бүх ард түмний мэдэлд шилжүүлэхэд бэлэн. Орчлонгийн хамаг амьтан нугууд амгалан болтугай. 2009. 04. 21.

Comments

Popular posts from this blog

Г.Армаа "Тэнгис далайг гаталж ирсэн бөрт чоно"

Г.Армаа “Ухаант хүн”-ий төрөл зүйл, тэдний нэгдмэл шинж чанар ба ондоошил

Г.Армаа “Хүний үүсэл” номын тайлбар эрдэнийн чимэг оршив